Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: 242 мянган иргэнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон олгосон

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хуралдааны үеэр COVID-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Тэрбээр мэдээллийн үеэр "Монгол Улс анх удаа бүх нийтээр хөл хорионд шилжсэн амаргүй өдрүүд байлаа. Стратеги бодлогын хүрээнд гарсан шийдвэрүүд цаг үеэ олсон зөв шийдвэрүүд байсан гэж бодож байна. Хэрэгжилтийн шатанд хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа оноо ч багагүй гарлаа. Төрийн албан хаагчдын үйлдлээс шалтгаалж иргэдийг бухимдуулсан, чирэгдэл үүсгэсэн олон асуудал гаргасандаа хүлцэл өчье.

Цаашид үйл ажиллагаагаа улам сайжруулж, сахилгын хариуцлага дээшлүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээ авахаар найман ажлын хэсэг байгуулагдан хяналт шалгалтын ажил үргэлжилж байна" гэдгийг онцолсон юм. 

Хариу арга хэмжээнээс харвал: 

Хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр:

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлууллаа. Ингэснээр бүх төрлийн будаа, ургамлын тос, хүнсний улаан буудай, улаанбуудайн үр, мал амьтны бүх төрлийн тэжээл, өвсний татварыг хөнгөлж чөлөөлөх болсон.

Мөн хүнсний хомсдол үүсэх, үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 150 мянган тонн хүнсний улаанбуудай импортлох, түүнд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс шийдвэрлээд байна. Хот суурин газрын хүн амын хүнсний хангамж одоогоор тасалдаагүй. 

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр:

Арилжааны банкаар ЖДҮ эрхлэгч нарт олгосон зээлийн үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулах ажлын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр:

  • Өнгөрсөн хугацаанд 13.8 мянган иргэнд 33.6 тэрбум төгрөгийг халамжийн сангаас, 44.3 мянган өрхийн 242 мянган иргэнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон, 1.2 сая хүүхдэд 120 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүрэн олгож ажилласан.
  • Нийгмийн даатгалын сангаас 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон.
  • Зорилтот бүлгийн 32.6 мянган өрхөд хүнсний дэмжлэг, 11.2 мянган өрхөд хүнсний бус дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
  • Нийслэлийн 10 мянган өрх тус бүрд хоёр сарын хэрэглээний сайжруулсан түлш үнэгүй тараах ажлыг зохион байгуулсан.
  • Гэр оронгүй 420 иргэнийг тусгай төвүүдэд байрлуулан ажиллаж байна.
  • Хүүхдийн тусламжийн 108 утсыг 24 цагаар ажиллуулж, 6,986 дуудлага хүлээн авч зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
  • МСҮТ-ийн 33.6 мянган суралцагчдад 11 дүгээр сарын тэтгэлэг болох 6.7 тэрбум төгрөгийг олгосон.
  • Энэ оны арваннэгдүгээр сард 905,985 айл өрхөд 2 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлсэн.

Боловсролын байгууллагын чиглэлээр:

  • Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, өдөр бүр 33 цагийн теле хичээлийг телевизүүдээр гаргаж байна.
  • Их, дээд сургуулиудын дотуур байранд амьдарч байсан оюутнуудад зориулж 131.6 сая төгрөгийн хоол хүнс, эм, ариутгалын бодисын хангалтыг хийсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор их, дээд сургуулийн 71 дотуур байранд 11,359 оюутанд хоол хүнс, ариутгал халдваргүйтгэлийн бодисоор хангах 764.5 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж энэхүү ажлыг зохион байгууллаа.
  • Зорилтот бүлгийн 16,172 хүүхдэд хүнсний тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан.
  • Оюутнуудыг хөдөө орон нутаг руу нь явуулах ажлыг 12 сарын 5-наас эхлэн зохион байгуулж өнөөдрийн байдлаар 16,476 оюутныг шинжилгээнд хамруулж, гаргаад байна.
  • Он гарснаас хойш КОВИД-19-ийн шинжилгээ судалгааны ажилд 821.5 сая төгрөгийн хөрөнгө мөнгийг шийдвэрлэн ажилласан.

Вакцин сонгож худалдан авар чиглэлээр:

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг уг ажлыг зохион байгуулж байгаа ба Ковакс механизмын хүрээнд хүн амын 20%-д хийх хэмжээний вакцин авахаар хөөцөлдөн ажиллаж байна. Энэ хүрээнд,

  1. Үйлдвэрлэгч компаниудтай харьцан мэдээ мэдээлэл солилцох
  2. Хөрш орнуудын хамтын ажиллагааны хүрээнд
  3. ОУ-ын байгууллагуудтай холбогдон дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна.

Зам тээврийн чиглэлээр:

  • Жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
  • Шивээ хүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим машины тээврийн хөдөлгөөнийг нээсэн.
  • Улаанбаатар төмөр зам нийт 15,956 ажилтантай. Үүнээс 15,928 хүнийг түргэвчилсэн, 10,856 хүний PCR шинжилгээнд хамруулж тандан судалгаа хийсэн.

Уул уурхай хүнд үйлдвэрийн чиглэлээр:

  • Монгол Улс ердийн хэрэглээний 30 хоног буюу 134.3 мянган тонн газрын тосны нөөцтэй байна.
  • Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон газруудын нүүрсний экспортын 95%, зэсийн эксортын 100%, газрын тосны экспортын 100%, төмрийн экспортын 90%, жоншны экспортын 70%-ийг хамгаалалтад авсан.
  • Гашуунсухайт боомтын богинын тээврийн 6,570 жолоочоос PСR-ийн шинжилгээ авсан бөгөөд бүгд сөрөг гарсан.
  • "Эрдэнэт үйлдвэр"-ийн 6,700 гаруй ажилтнаас авсан PСR-ийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

ВИДЕО: 

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/1206159083149966