Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн дайн гарсан тохиолдолд ОХУ-ын ерөнхийлөгч ашиглах зориулалттай нисэх онгоцыг хулгайч нар тоножээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Цөмийн дайн гарсан тохиолдолд ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудыг зөөх зориулалттай тусгай нисэх онгоцыг хулгайч нар тоносон тухай Оросын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Илюшин 80 загварын нисэх онгоц нь цөмийн дайны үед удирдагчдыг хамгаалж, зэвсэгт хүчнийг агаараас удирдах боломжоор хангах зориулалттай.

Оросын өмнөд бүсийн Таганрог хот дахь Таганрогийн Агаарын Хүчний Судалгаа, Технологийн Комплекст уг нисэх онгоц байрлаж байжээ. Онгоцонд суурилуулсан 36 ширхэг радио холбооны тусгай төхөөрөмж хулгайд алдагдсаныг ОХУ-ын дотоод хэргийн яамны эх сурвалж баталсан байна.

Цагдаа нар хэргийн газраас гутлын мөр, хурууны хээ илрүүлээд мөрдөн шалгаж байгааг Рен ТВ мэдээлжээ.

ОХУ-д одоогоор Ил-86с загварын онгоцыг өөрчилж зассан дөрвөн ширхэг Илюшин 80 онгоц бий.

Уг онгоц нь дотрох зорчигчдынхоо нүдийг цөмийн дэлбэрэлтийн гялбаанаас хамгаалахын тулд ямар ч цонхгүй байдаг.

Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлүүдтэй холбоо барих радио станцаар тоноглогджээ. Онгоцны сүүл хэсэгт сунгагддаг маш урт антенн байдаг нь цөмийн зэвсэг бүхий шумбагч хөлгүүдтэй холбоо барих зориулалттай юм.

Цөмийн дайн гарах үед ОХУ-ын ерөнхийлөгч тэргүүтэй өндөр албан тушаалтнууд агаараас зэвсэгт хүчнийг удирдаж, шатахууныг дахин цэнэглэснээр агаарт олон өдөр амьдрах боломжтой ажээ.

Илюшин 80 нисэх онгоцнууд үйлдвэрлэгдээд 15 жил болж байгаа бөгөөд Ил-96-400M шинэ загварын онгоцоор удахгүй шинэчлэгдэх гэж байгаа гэнэ.

Шинэ загвар нь цөмийн дэлбэрэлтийн үед үүссэн цахилгаан соронзон долгионоос хамгаалах давхаргатай, радио холбооны илүү хүчирхэг техникээр тоноглогдсон ажээ.

АНУ-ын хувьд цөмийн дайны үед ерөнхийлөгч тэргүүтэй дээд албаны хүмүүсийг тээвэрлэх зориулалтаар Boeing 747-200S загварын нисэх онгоцыг өөрчлөн зассан дөрвөн ширхэг Boeing E-4 Advanced Airborne Command Posts нисэх онгоцтой юм байна.

 

Эх сурвалж: The Guardian