Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Эрдэнэсийн сан дахь үнэт зүйлс иргэдийн гар дээрх хосгүй үнэт, үнэт зүйлсийн 10 хувьд ч хүрэхгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар 2020 нэгдүгээр сарын 13-нд өргөн мэдүүлсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Эрдэнэсийн сангийн зарцуулалт, бүртгэл, олборлосон алт авах, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанканд үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлага үүссэн учраас уг шинэчилсэн найруулгыг боловсруулжээ. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Уг хуулийн төслийг боловсруулахдаа зөвхөн эрдэнэсийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй түүх соёлын хосгүй үнэт дурсгал зэрэг өвийг эрдэнэст тооцож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ангиллаар тогтоодог байх зохицуулалтыг тусгасан. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улсын Эрдэнэсийн сан тун ядмаг болсон. Сүүлийн 30 жилд Эрдэнэсийн санг тонож, машин машинаар нь гадагш нь гаргасан мэдээ байдаг. Одоо Эрдэнэсийн сангийн хөрөнгө хэр байгаа вэ. Цаашид энэ санг яаж баяжуулах вэ. Энэ хуулт батлагдсаны ач холбогдол нь юу вэ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 1994 онд энэ хууль батлагдсан. Энэ хуулиар эрдэнэс гэсэн тодорхойлолт нь хязгаарлагдмал байсан. Хувь хүн, хуулийн этгээдийн гар дээр байгаа эрдэнэсийг хэрхэн бүртгэж, хадгалж, хамгаалах вэ гэдэг зохицуулалт дутмаг байсан учраас энэ чиглэлийн үйл ажиллагааг өргөн хүрээтэй болгон зорилгоор хуулийн төслийг оруулж ирсэн. 

Хуучин хуулинд "Эрдэнэс гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ" гэж тодорхойлж байсан. Харин шинэ нэр томьёогоор “Түүхий эд, хайлш, химийн нэгдэл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх соёлын хосгүй үнэт дурсгал, байгалийн төрцийг эрдэнэс гэж хэлнэ” гэж өөрчилж байгаа. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Одоогийн байдлаар Эрдэнэсийн санд 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 2.7 сая ширхэг эд зүйл хадгалагдаж байна. Үүнд түүх, соёлын хөдлөх үнэт зүйлс, алт, мөнгөн гулдмай, зоос, Богд хаант үеийн зарим эд зүйлс, угсаатны эд өлгийн зүйл болон бусад зүйлс хадгалагдаж байна. 

Олон улсын мэргэжсэн хөндлөнгийн үнэлгээний баг ирж тухайн эд зүйлсэд үнэлгээг хийсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эрдэнэсийн санг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. 2018 онд 970 сая, 2019 онд 917 сая төгрөгөөр Эрдэнэсийн санг баяжуулсан. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Алтны гарал үүслийн бичиг буюу лицензтэй эсэх, нөхөн сэргээлт хийсэн үү, хуульд нийцэж байгаа юу гэдгийг нягтлах ажлыг хийж чадаж байгаа юу. 

Хоёрдугаарт, хосгүй ховор гэдгийг хэн тодорхойлдог вэ. Захиран зарцуулах, худалдан борлуулах эрх нь хэнд үлдэж байна вэ. 

Гуравдугаарт, насжилт тогтоох ажлыг хэн хийдэг вэ. 

Хамгийн сүүлд, хосгүй ховор зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн санд очиж байна. Түүнээс гадна гааль дээр хосгүй ховорт тооцогдохгүй ч үзмэрт тавихаар зүйлс хураагддаг. Тэдгээр зүйлсийг цаашид яах вэ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрдэнэсийн сангийн бүртгэл, үнэлгээ өмнөх хуулиар тодорхойгүй байсан. Шинэчилсэн найруулгад энэ асуудлыг тодруулсан. Жишээ нь, Монголбанк болон соёлын асуудал эрхэлсэн төв байгууллагаас томилогдсон хамтарсан комисс хосгүй үнэт гэдэг тодорхойлолтыг гаргана. Захиран зарцуулахтай холбоотой эрхийг УИХ-аас авна гэх мэтчилсэн зохицуулалт оруулсан. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Алтны гарал үүсэлтэй холбоотой асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Монголбанк ААН болон тусгай зөвшөөрөлтэй үнэт металлын арилжаа эрхлэгчдээс алт худалдаж авдаг. Иргэдийн тушаасан алт 43 хувийг, ААН-үүд 57 хувийг эзэлж байна. 

Алтны гарал үүслийг тодорхойлох чиглэлээр салбарын яам болон Ашигт малтмалын газартай хамтарч холбогдох зохицуулалтыг сайжруулах шаардлага байгаа. 

Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт, дурсгалт гэдэг ангиллыг Соёлын сайдын тушаалаар батлагдсан мэргэжлийн зөвлөл тогтоодог. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд Засгийн газраас эрдэнэс гэж үзсэн бол Монголбанканд санал болгож, тухайн зүйлийг Эрдэнэсийн санд нэмнэ гэж заасан байгаа. 

Гааль дээр хураагдсан зүйлсийг Засгийн газар эрдэнэс гэж үзэх юм бол Монголбанканд санал тавиад, энэ саналыг судалж Монголбанк Эрдэнэсийн санд худалдаж авах зохицуулалт орж ирж байгаа. 

Насжилт тогтоох ажлыг Монголбанк хийдэггүй. Соёлын асуудал хариуцсан байгууллага болон ШУА гадагшаа явуулж хийлгэдэг. Монголд үнэт зүйлсийн насжилт тогтоох тоног төхөөрөмж байхгүй.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Эрдэнэсийн санд мөнгөөр үнэлэх боломжгүй хосгүй үнэт баялаг хадгалагддаг гэж боддог. Гэхдээ энэ хуулийн төслийг дагалдаж байгаа Эрүүгийн хууль дахь ялыг бодлого хэтэрхий бага байна. 

Эрдэнэсийн санг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй зарцуулсан бол 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгоно” гэж байна. Мөнгөөр үнэлэгдэхгүй зүйл авсан хүмүүсийн тухай ярьж байж 2-3 хонь хулгайлан хүнд ногдуулдагтай адилхан ял байж таарахгүй. 

Хоёрдугаарт, “Байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн бол 5-27 сая төгрөгөөр торгоно” гэсэн байна. Энэ бас хангалтгүй байна. Байнгын хэсэг дэх эрдэнэс гэдэг бол гадагш нь гаргадаггүй, хамгийн ховор, үнэтэй, түүх, соёлын өв юм. Тийм учраас хэлэлцүүлгийн шатанд ялын бодлогыг чангалж, хариуцлагыг нэмэгдүүлэх саналтай байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Үнэт өвийн насжилтийг тогтоох их чухал юм билээ. Эртний Жадамба судрыг хэдэн онд бүтээгдсэнийг тогтоох гэж Монголбанканд хандаж байсан явдал миний хувийн амьдралд тохиолдож байсан. Монголбанкнаас эртний судар, номыг хэдэн онд, ямар цаасан дээр бүтээгдсэн зэргийг тогтоох боломж хомс байдаг юм билээ. 

Эрдэнэсийн санг хүмүүс их сонирхдог. Иргэдэд үзүүлж болдог үзмэрүүдээрээ гадаадад үзэсгэлэн зохион байгуулж орлого олох боломж бий юу.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монголд түүх, соёлын өвийн насжилт тогтоох боломжгүйг Монголбанкнаас хэлсэн. 

Эрдэнэсийн сангаар үзэсгэлэн зохион байгуулах боломжийг хуулиндаа тусгаж өгөх нь зөв байх. Ингэх юм бол иргэд өөрийн гар дээр байгаа эрдэнэсээ төрд хадгалуулах, бүртгүүлэх явдал нэмэгдэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Эрдэнэсийн сан өнөөдрийн байгаагаасаа илүү баялаг байж болох байсан. Үүнд саад болж байгаа нь төрийн хүнд суртал. Соёлын өвийг тогтоох комисс маш хүнд сурталтай. Төр, хувийн хэвшилд ажилладаг, энэ чиглэлийн хоббитой гэж хэлж болохоор хүмүүсийг оролцуулчихсан нэг комисс бий. Тэр комиссыг хуралдахыг хүлээж хэдэн сар болдог. Хувь хүн болгон өөрсдийн санал болгож байгаа үзмэрээ хосгүй үнэтэй гэж боддог. Соёлын өвийг тогтоох комиссоос заримдаа иргэдийн санал болгож байгаа зүйлийг үнэгүйдүүлдэг, эсвэл хуралдахыг хүлээж байх хооронд өөр зах зээл олоод явчихдаг. Ингээд комисс алдаад байдаг. 

Шинэчилсэн найруулга дотор тэр комиссыг хариуцлагажуулах ямар заалт байна вэ. Төв банкнаас санал очсоны дараа тухайн комисс долоо хоногийн дотор хуралдаж байх ёстой. 

Эрдэнэсийн сан гүйлгээний зардалдаа баригдаад олигтой худалдан авалт хийж чаддаггүй. Тийм учраас иргэдийн гар дээр маш их хосгүй үнэт зүйлс үлдчихээд байна. Яг үнэндээ одоо байгаа Эрдэнэсийн санг гадна дотны иргэдэд үзүүлэх хэмжээнд шаардлага хангахгүй.  Миний тооцож байгаагаар гадуур байгаа үнэт зүйлстэй харьцуулахад Эрдэнэсийн сан дахь үзмэрүүд 10 хувьд нь ч хүрэхгүй. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үнэнийг хэлэхэд, Б.Жавхлан гишүүний ярьж байгаа асуудал энэ хуулийн төсөлд тодорхой суугаагүй. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад сайжруулах ёстой, орхигдсон зүйлийг нэмэх боломжтой.