Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Зэсийн ханш долоон жилийн өмнөх түвшинд хүрч өслөө

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн долоо хоногийн эцсээр нэг тонн нь 7,630 ам.долларт хүрээд байсан зэсийн ханш шинэ долоо хоногт даруй 110 гаруй ам.доллароор өсөж, 7,760-д хүрсэн нь 2013 оны эхний улирлын түвшинд хүрлээ.

Ийнхүү сүүлийн долоон жил дэх дээд ханшид хүрэхдээ зэсийн үнэ сүүлийн 9 сарын турш тасралтгүй өссөн нь мөн л 10 жилд тохиогоогүй эерэг үзүүлэлтэд тооцогдож байна. 

Зураг. Дэлхийн зах зээл дээрх зэсийн сүүлийн нэг жилийн ханш (тонн/ам.доллароор)

 
Эх сурвалж: Business insider

БНХАУ-д цар тахлаас үл хамааран амьдрал хэвийн үргэлжилж, бараа бүтээгдэхүүний эрэлт тогтмол нэмэгдэж байгаа нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлж, ханшид эергээр нөлөөлсөн хэмээн Голомт капиталын шинжээчид дүгнэжээ. Нөгөө талаар зэс олборлолтоороо дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг Перу улсад жагсаал цуглаан үргэлжилж, тэргүүлэгч олборлогч Чилид коронавирусийн халдвар өндөр байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байгаа ба цаашид ч нөлөөлөх гол хүчин зүйл байсаар байна. 

Харин эсрэг талд Герман улс хөл хориогоо сунгаж,үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг зогсоовол, АНУ мөн хөл хориогоо чангатгахаас гадна БНХАУ-аас үйлдвэрүүдээ нүүлгэвэл зэсийн ханш унахад нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид дүгнэжээ. 

Монгол Улсын хувьд 2020, 2021 оны төсвөө батлахдаа зэсийн үнийг 5,991 ам.долларт байхаар тооцсон. 2020 онд 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.2 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн бол 2021 онд экспортын хэмжээг 1.43 сая тоннд хүргэн нэмэгдүүлж, 1.5 их наяд төгрөг олно гэж тооцоод буй.

Арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар манай улс 1.25 сая тонн зэсийн баяжмал экспортолсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8% буюу 35.7 мянган тонноор буурсан үзүүлэлт юм.

Ирэх жилүүдэд зэсийн ханш тогтвортой өсөх бөгөөд 2021 оны сүүлчээр 7,100, 2024 онд 7,400 хүрнэ хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байна.