Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын улмаас ирэх оны Давосын чуулган Сингапурт шилжжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Швейцарийн Давос хотод болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулган ирэх оны арга хэмжээгээ Сингапурт шилжүүлэхээр болсныг өчигдөр зарлажээ.

Энэ нь хүндэт зочдын аюулгүй байдал, эрүүл мэндийг бодсон шийдвэр гэнэ.

“Covid-19 өвчний халдварын нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн чуулганыг Сингапурт зохион байгуулах нь хамгийн зөв шийдвэр гэж үзлээ” хэмээн зохион байгуулагчид нь мэдэгджээ.

Сингапур хот улс нь коронавирусийн цар тахлыг амжилттай хязгаарлаж чадсан гэгдэж байгаа.

Одоогоор тус улсын эмнэлгүүдэд коронавирусийн халдвартай 28 хүн эмчлүүлж байгаа ба тэдний биеийн байдал хөнгөнд тооцогдож байна. Цар тахал эхэлсэн цагаас хойш Сингапурт нийт 29 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ.

Гэсэн хэдий ч тус улсад өнөөдөр хорио цээрийн хоёрдугаар түвшний дэглэм хэрэгжиж, таваас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглон, ихэнх компаниуд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж байна.

Ирэх оны чуулган тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд Сингапурт болох бол 2022 онд буцаад Давост зохион байгуулагдахаар болжээ.

1970-аад оноос эхэлсэн Дэлхийн Эдийн Засгийн Чуулган түүхэндээ хоёр дахь удаа Давос хотоос гадна зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. 

 

Эх сурвалж: BBC