Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи даяар өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Их Британийн засгийн газар коронавирусийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалтыг өнөөдөр буюу Мягмар гарагт эхлүүлэхэд бэлэн болжээ.

Тус улсын эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок орон даяар вакцин түгээх ажил амжилттай дууссаныг твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Даваа гарагт Их Британид 14,718 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 189 хүн нас баржээ.

Эхний ээлжинд цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд, 80-аас дээш насныхан, ахмадын асрамжийн газрын ажилтнууд вакцинжуулалтад хамрагдахаар болсон байна.

Англи, Шотланд, Уэльс, Умард Ирландад вакцинжуулах төвүүд байгуулагдаж, өнөөдрөөс зэрэг нээгдэхээр болжээ. Зөвхөн Англид 50 ийм төв байгуулагдсан гэнэ.

Хүн амыг вакцинжуулах ажил хамгийн наад тал нь ирэх оны хавар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг албаныхан мэдэгдсэн байна.

Их Британи улс Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн 40 сая тун вакциныг худалдан авч байгаа ба энэ нь 20 сая хүнийг дархлаажуулах нөөц юм. Цельсийн -70 хэмийн хөргүүртэй чингэлэгүүдэд тээвэрлэсэн эхний ээлжийн 800,000 тун вакцин саяхан Бельги дэх үйлдвэрээсээ Британид ирсэн байна.

 

Эх сурвалж: BBC