Зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал болон түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар Тээврийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Оюунжаргалтай холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
Тээврийн прокурорын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг болон Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоож өгсөн зам тээврийн осол, хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавин ажилладаг.
- Цар тахлын нөхцөл байдлын үед зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
- 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 966 зам тээврийн осол, хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 261-ээр буюу 21.3%-аар буурсан. Энэ хугацаанд зам тээврийн осол, хэргийн улмаас 262 хүн нас барж, 759 хүн эрүүл мэндээрээ хохирсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нас барсан хүн 19.1%-аар, эрүүл мэндээр хохирсон хүн 24.4%-аар тус тус буурсан.
Харин энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод 428 зам тээврийн осол, хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21.8%-аар буурсан. Энэ хугацаанд зам тээврийн осол, хэргийн улмаас 75 хүн нас барж, 373 хүн эрүүл мэндээрээ хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс нас барсан хүн 10.7%-аар, эрүүл мэндээр хохирсон хүн 26.1%-аар тус тус буурсан үзүүлэлт юм.
- Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд анхааруулах зүйл юу байна вэ?
- Зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний хор уршиг буурсан үзүүлэлттэй байгаа боловч энэ нь тайвшрах үзүүлэлт биш юм. Ер нь зам тээврийн осол, хэрэг цаг зуурын нөхцөл байдлаас шалтгаалан буурах бус гарахгүй байх ч боломжтой. Үүнд замын хөдөлгөөнд оролцогчид тодруулбал жолооч, явган зорчигчид, бусад хүмүүсийн замын хөдөлгөөнд оролцох сахилга, хариуцлага, сонор сэрэмж, соёл нэн чухал.
Замын хөдөлгөөнд оролцогчид нэг талаас Замын хөдөлгөөний дүрмийн талаар ойлголт, мэдлэгтэй байдаг ч түүнийг биелүүлж, хэрэгжүүлдэггүй байдал зам тээврийн осол гарахад нэгэн шалтгаан болж байна. Нөгөө талаас замын барилга, байгууламж, инженерчлэлийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байдлаар бүтээн байгуулж, хийж байх шаардлага нэн чухал.
Ойрын өдрүүдэд цас багагүй орсноос замын халтиргаа, гулгаа их байгаатай холбогдуулан жолооч, явган зорчигч нарт дараах зөвлөмжийг өгч байна.
Энэ ташрамд хэлэхэд эцэг, эхчүүд, насанд хүрсэн хүмүүс нь бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй, өөрсдийн хараа хяналтад байлган оролцуулж байхад онцгой анхаарах шаардлагатай.
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тээврийн хэрэгсэл болон хүний хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоосон байгаа. Гэтэл зарим хүмүүс энэ дэглэм, горимыг зөрчиж хулгайн замаар буюу бартаа ихтэй, эрсдэлтэй замаар хөдөлгөөнд оролцсоноор зам тээврийн осол гарган өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах явдал цөөнгүй гарсан. Иймд жолооч, иргэд өөрсдийгөө болон бусдыг зам тээврийн осол, хэрэгт өртөж хохирохгүй байхад анхаарах хэрэгтэй.
- “Автобус-1” баазын жолоочоос “COVID-19” өвчин илэрч батлагдсан гэсэн мэдээлэлтэй зэрэгцэн уг бааз дээр нэг ажилтан нь автобусанд дайрагдаж, нас барсан гэх мэдээлэл байгаа. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
- “Автобус-1” баазын хашаанд 25 настай засварчин залуу автобусанд дайрагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Хэрэг шалгагдаж байгаа тул өөрөөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.