Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлаар баяжсан Индонезийн сайдын гэрээс их хэмжээний бэлэн мөнгө илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Коронавриусийн цар тахалд нэрвэгдсэн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Индонезийн нийгмийн хамгааллын сайдад авлигын хэрэг үүсгэжээ.

Сайд Жулиари Батубара хүнс үйлдвэрлэгчдээс их хэмжээний авлига авсанд сэжиглэгдэж байгаа юм.

Бямба гарагт Индонезийн авлигатай тэмцэх албаныхан сайдын гэрт нэгжлэг хийх үеэрээ цүнх саванд хадгалсан 14.5 тэрбум рупи ($1 сая орчим) бэлнээр илрүүлж, дөрвөн хүнийг баривчилжээ.

Сайд Батубара өөрөө Ням гарагт авлига авснаа хүлээсэн байна.

“Бэлэн мөнгийг долоон цүнх, гурван үүргэвч, хэд хэдэн дугтуйнд хадгалж байсныг илрүүлсэн” гэж Индонезийн авлигатай тэмцэх газрын тэргүүн Фирли Бахури өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хэрвээ сайдын буруутайг шүүхээр тогтоовол нэг тэрбум рупигийн торгууль хүлээж, 20 хүртэл жил шоронд хоригдох ял авах гэнэ.

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр засгийн газрын сайд нартаа авлигаас хол байхыг дахин дахин анхааруулж, хэрвээ илэрвэл өмгөөлж, хамгаалахгүй гэдгээ мэдэгджээ.

Аялал жуулчлалын салбараас хамааралтай Индонези улс коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн гүн хямралд ороод байгаа. Нийгмийн шаардлагатай бүлгийг хүнсээр хангах хөтөлбөрийг тус улсын засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн юм.

Нийтдээ 3.5 сая хүн эдийн засгийн хямралын улмаас ажлын байраа алдах тооцоотой байгааг Индонезийн эрх баригчид саяхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC