Аргентины парламент цар тахлын улмаас хямарсан эдийн засгаа аврах зорилгоор тус улсын баян чинээлэг иргэдээс нэг удаагийн татвар авах хуулийг Баасан гарагт баталжээ.
Үүний үр дүнд улсын төсөвт нь $3.6 тэрбумын хөрөнгө төвлөрөх юм байна. Татварын хэмжээ тухайн хүний хөрөнгийн хэмжээнээс хамааран 2 хувиас эхлэн шатлан өсөх бөгөөд 200 сая песогоос ($2.5 сая) дээш хөрөнгөтэй бүх иргэд хамрагдана.
Үүнд тухайн хүний хилийн чанадад бүртгэлтэй хөрөнгө ч хамрагдах ажээ.
Нийтдээ 12,000 орчим хүн уг татварыг төлөх тооцоо гарсан байна. Тэдгээрээс хамгийн том 380 хөрөнгөтөн нийт татварын орлогын талаас дээш хувийг бүрдүүлэхээр байгаа гэнэ.
Татвараас олсон $3.6 тэрбумаар Аргентины эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, жижиг дунд бизнесүүдийг дэмжих, оюутнуудын тэтгэлгийг олгох, байгалийн хийн хайгуулын төслийг үргэлжлүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Хуулийн төслийг Аргентины парламентын доод танхим 133:115 саналын харьцаатай дэмжсэний дараа Сенат 42:26 харьцаатай саналаар баталсан байна.
Аргентин улсад өнөөдрийн байдлаар 1.4 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 40,000 орчим хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: Russia Today