Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

300 сая километрийн цаанаас авчирсан астероидын дээж дэлхийд амжилттай газардлаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2014 онд дэлхийгээс хөөрсөн Японы Хаяабуса 2 хөлөг 300 сая километрийн алсад оршдог Рюгу астероидын (жижиг гараг) гадаргаас дээж авснаа өнгөрсөн шөнө амжилттай газардуулжээ.

Дээжийг агуулсан капсул өнгөрсөн шөнө Австралийн өмнөд хэсгийн цөлд газардсаныг удалгүй хайгуулын баг олж илрүүлж чадсан байна.

100 грамм орчим хэмжээтэй дээжийг судалснаар нарны аймгийн үүсэл, дэлхийд амьдрал хэрхэн бий болсон талаар их зүйлийг мэдэж авах боломжтой болох юм.

Рюгу астероид нь нарны аймаг үүсэн бүрэлдэж байх үед бий болсон сансрын эртний биет ажээ.

Хаяабуса 2 хөлөг астероидод хүрснийхээ дараа нэг жил гаруй хугацаанд зайнаас судалж, гадаргаас дээж авах хүнд хэцүү ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн юм.

Бямба гарагт уг хөлөг дэлхийн гадаргуугаас 220 км өндөрт байхдаа дээжтэй капсулыг буулгасан байна. Агаар мандалд орж ирснийхээ дараа 11 км/с хурдтай дэлхий рүү унаж байсан капсул яг солир шиг гэрэл цацруулан шатаж байжээ.

Шаталтаас хамгаалах бүрхүүлээсээ салсны дараа 10 км орчим өндөрт байхад нь шүхэр дэлгэгдэж, байрлал тогтоогч нь ажиллаж эхэлсэн байна.

40 х 20 см хэмжээтэй, 16 кг капсулыг Австралийн тал шалгасны дараа Япон руу агаараар илгээх гэнэ. Японы сансар судлалын байгууллага JAXA капсулыг нээж, дээжийг тусгай нөхцөлд хадгалсны дараа судалж эхлэх ажээ.

Хаяабуса 2 хөлөг сансрын аялалаа цааш үргэлжлүүлж дараагийн судалгаанд 10 орчим жил ажиллах юм.

 

 

Эх сурвалж: BBC