2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°
09:00
S32
-14°
10:00
S32
-12°

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Должингийн түүх

ikon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хувь хүний нууцыг чанадлан хамгаалах үүднээс нэр, хэргийн зарим мэдээллийг өөрчилсөн болно.

Должин, нөхрийн хамт арваад жилийн өмнө Улаанбаатарт нүүж иржээ. Хөл толгой нь солигдсон хоёр мянгаад оны үед залуу гэр бүл, нялх үрийнхээ хамт захгүй их бэрхшээлийн хаяанд тулж ирээд байлаа. Монгол Улсын хөгжил дэвшил байнгын алдагдалтай ажилладаг эдийн засгаасаа болж хөдөлгөөнгүй гацсан тэдгээр он жилүүдэд ядуурал болон нийгмийн бусад цогц асуудлууд газар авч байв. Үүнд хамгийн их өртөж байсан нь сумын төвүүд бөгөөд алс бөглүү орших тэдгээр суурин газруудад ажилгүйдэл, хэр тааруухан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанаргүй боловсрол, газар авсаар буй архидалт болон гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд тулгараад байсан юм.

Нийслэл хот руу шилжих бодол Должин болон түүний нөхөр Батаад хоёуланд нь зэрэг төрсөн байна. Төрөл садан, найз нөхдийнх нь ихэнх нь хэдийнээ нүүн одож, тэднээс хавь илүү амьдарч байгаа юм шиг санагдсан тул залуу хосууд дотроо шилжих тухай олон сар бодож явсны дараа бие биедээ хэлжээ. Гайхалтай нь тэд хоёулаа энэ боломжийг ашиглахаар шийдсэн байна. Гэхдээ шилжинэ гэдэг, ялангуяа эхэн үедээ амаргүй гэдгийг тэд хоёул мэдэж байлаа.

Должин ярихдаа, “Биднийг анх Улаанбаатарт ирэхэд холын хамаатнууд маань тусалдаг байсан. Гэхдээ тэдний дэмжлэгийг байнга гуйгаад байж чадаагүй” гэсэн юм.

Аав ээжийнхээ 200 орчим хонь, ямааг зарж олсон багахан мөнгө нь ганц хашаа (жижиг байшинтай хашаа) аваад, суурьшихад хэрэгтэй эхний зардлуудаа гаргахад дуусаж орхижээ. Хоол хүнс, хувцас хунар, түлээ нүүрс, ус болон бусад үндсэн хэрэгцээний зардал гэр хороололд орон сууцнаас 7 дахин өндөр тусдаг. Должин дахиад бие давхар болсноо мэдэх үед гэр бүлийн амьдрал нь хэдийнээ хүнд байдалд ороод байсан юм.

Должин “Бидэнд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл авах мөнгө байгаагүй. Тэр үед НҮБ-ийн Хүн амын сангийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр гэж байдгийг мэдсэн бол хамрагдах байсан юм” гэв.

Нийгмийн дэмжлэгийн дутмаг байдал, мэдээлэл олж авах боломжгүй байдал, танихгүй мэдэхгүй газарт хаягдсан гэх мэдрэмж – энэ бүх асуудал хосуудын өдөр тутмын амьдрал дээр нэрмээс болж, өмнөхөөсөө илүү хэрүүл уруултай амьдрах болжээ.

“Би өдөржингөө хүүхдүүдээ харж гэртээ өнждөг байсан. Манай хүүхдүүдийг Улаанбаатарт бүртгэлгүй гээд ямар ч цэцэрлэгт хүлээж аваагүй” гэж хэлэхдээ Должингийн хоолой нь зангирч, нулимс нь цийлгэнэж байлаа.

Мөн, “Манай нөхөр эцэстээ гэр бүлээ тэжээх гэж хог түүдэг болсон. Бас архинд орж, шөнө орой шал согтуу, ууртай, түрэмгий болчихсон гэртээ ирдэг болсон” гэж дурсамжаа хуваалцахдаа Должин чичирч байлаа. Сэтгэл нь тавгүйтэж, гартаа барьсан даавууны өөдсөө сэмлэх зуур нулимс нь тогтохгүй байсан Должин, “Тэр үед л бүх гай эхэлсэн” гэсэн юм.

Должингийн түүх өр өвтгөм хэдий ч, харамсалтай нь ийм түүх олон хүнд тохиолддог. Монгол дахь НҮБ-ийн Хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюун  “Ихэвчлэн амьдралын үндсэн хэрэгцээ нь хангагдаагүй, нийгмийн үйлчилгээ дутмаг, гэр бүл төлөвлөлтгүй байдлаас болж жендэрийн тэгш бус байдал хурцадсанаар гэр бүлийн хүчирхийлэлд хүргэж байна” гэсэн юм.

Должин хүүхдүүдтэйгээ амьдын тамыг туулж байсан бөгөөд яс нь хугарсан, толгой нь хагарсан, арьс нь шилэнд зүсэгдсэн байдалтай Гэмтлийн эмнэлэгт хэд хэдэн удаа очсон байна. Гэхдээ тэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Нэг цэгийн үйлчилгээний төвд (НЦҮТ) очоогүй бол энэ бүхэн бүр муугаар төгсөж болох байлаа.

НЦҮТ итгэл найдвар өгч, хамгаалж, дэмжиж байна.

Баянзүрх дүүрэг дэх НЦҮТ нь 2019 оны 3-р сард үүдээ нээжээ. Төв байгуулах ажилд Дүүргийн зүгээс төв зам дагуу байрлах хашаатай жижигхэн байшинг хандивласан бөгөөд түүнийг дүүргээс гаргасан 1 сая төгрөг, мөн НҮБ-ийн Хүн амын сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) 63 сая төгрөгөөр засаж, тохижуулан жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчдад үйлчилгээ үзүүлэх НЦҮТ-ийн байр болгожээ.

Монгол дахь НҮБ-ийн Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава “Жендэр суурилсан хүчирхийллийг эцэслэхэд эмэгтэйчүүдэд хэрэгтэй үйлчилгээгээр дэмжиж, эрэгтэйчүүдтэй ажиллах аль аль нь туйлын ач холбогдолтой” гэсэн юм. Гэр бүлийн хүчирхийллийн даван туулагчдын 88% нь охид, эмэгтэйчүүд байгаа учраас хүчирхийллийг голлон үйлдэгч болох эрэгтэйчүүдтэй ажиллах нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нэн чухал болно. Тэрбээр мөн, “Даван туулагчдад зориулсан дэмжлэгийг сайжруулах болон хүчирхийллийн үйлдлийн үр дагаврыг бууруулах ажлыг хийхтэйгээ зэрэгцүүлээд жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгааныг ойлгож, түүнийг шийдвэрлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах ёстой” гэсэн юм.

Энэ л үйл ажиллагааны ачаар Должин хүүхдүүдийн хамт аврагдаж, гэр бүлээ дахин нэгтгэх боломж нээгджээ.

Баянзүрх дүүргийн НЦҮТ-ийн нийгмийн ажилтан Энхтуяа, “Бид хамтарсан баг гэж нэрлэдэг олон салбарын багуудыг НЦҮТ-ийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, түүнчлэн эмч мэргэжилтнүүд, цагдаагийнхан болон хорооны бусад нийгмийн ажилтнууд гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулж боломжит хамгийн сайн үр дүнд хүрэх байдлаар кейсүүдийг цогцоор нь шийдвэрлэх болсон” хэмээн ярьж байв.

Жендэрт суурилсан хүчирхийллийн цогц хариу арга хэмжээний нэг чухал бүрэлдэхүүн нь хүчирхийлэл үйлдэгчидтэй ажиллах явдал юм. Зарим хүчирхийлэгчид үйлдсэн хэргийнхээ хэмжээнээс хамаараад түр саатуулагдсан байдаг ба тэдэнд зориулсан сургалтуудад суух ёстой байдаг. Уг сургалтаар тэдэнд хүчирхийллийн шалтгааныг тайлбарлаж ойлгуулахаас гадна сэтгэл хөдлөлөө удирдаж, хүчирхийллээс ангид байдлаар биеэ авч явах арга замуудыг заадаг. Үүнтэй төстэй сургалт болон зөвлөгөөг хосуудад мөн ордог бөгөөд хүчирхийллийн бус аргаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж, гэр бүлийн зөрчлөө шийдвэрлэх арга замуудыг сургадаг байна.

Должин, нөхрийн хамт эдгээр сургалтын заримд нь суусан байна. Сургалтын эцэст Должин ичингүйрэн инээмсэглэнгээ, “Өмнө нь бид хоёр ер нь хэзээ ч тайвширч, асуудлыг хамтдаа ярилцаж шийдье гэж оролддоггүй байж. Нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх боломжтой орчинг бүрдүүлж, юмны учир ойлгодог улс шиг асуудлаа даван туулах арга замуудыг хэзээ ч эрэлхийлдэггүй байжээ” хэмээн ярьсан юм.

Тайвширч, нөхцөл байдлаа хамтдаа даван туулахын төлөө хичээх арга замуудад суралцсанаар амьдрал болон харилцаа нь шинэ шатанд гарсан гэж Должин хэлсэн юм. Тэрээр мөн, “Одоо л бид хоёр бие биедээ итгэж, бие биенээ дэмжиж хамтран амьдарч байна. Гайхалтай нь бидний харилцаа нэлээн сайжирснаас гадна санхүүгийн байдал маань ч дээрдсэн шүү. Учир нь бид асуудлуудаа нэгэн өнөр гэр бүлийн хүчээр шийдэж эхэлсэн. Гэр бүлийн шийдвэр гаргалтад жаахан хүүхдүүдээ хүртэл оролцуулдаг болсон” гэсэн юм.

Ийн оролцуулах болсноор хүүхдүүдийнх нь өөртөө итгэх итгэл нэмэгдсэн байна. Энэхүү амар тайван, эерэг уур амьсгалтай орчин төд удалгүй хүүхдүүдийн сурлагад сайнаар нөлөөлж, сургуульдаа дасан зохицоход нь нэмэр болж эхэлжээ.

Должин хэлэхдээ, “НЦҮТ миний гэр бүлийг аварсан. Энэ төв байгаагүй бол манайх гэр бүлээрээ амьдарч чадахгүй байх байлаа” гэсэн юм.

Мөн төвөөс Должинд хоёр бага хүүхдээ цэцэрлэгт хамруулахад тусалсан бөгөөд нөхөрт нь ажил олоход тусалжээ. Хамтарсан багаар амжилттай ажиллаж, хүртэх ёстой нийгмийн халамж дэмжлэг болон хүн хоорондын харилцаа холбоо, энэ бүхнийг хамтатгаж чадвал гайхамшгийг бүтээж болно гэдгийг тус төв батлан харуулсан юм.

 “Бидний тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа бүр олон гэр бүл манай дүүрэгт амьдарч байгаа” гэж Баянзүрх дүүргийн НЦҮТ-ийн зохицуулагч Ариунтуяа хэлсэн юм. Өмнө нь цагдаагийн ажилтан байсан Ариунтуяа ядуурал, ажилгүйдлийн түвшнээрээ нийслэл хотод тэргүүлдэг Баянзүрх дүүрэгт ийм төрлийн үйлчилгээ хэчнээн чухал болохыг дэндүү сайн ойлгодог нэгэн билээ. Тэрбээр мөн хэлэхдээ, “Манай НЦҮТ-д нэг удаадаа 4 хүнийг л хүлээн авах боломжтой байдаг. Харамсалтай нь бид тэдгээр даван туулагчдыг 3-5 хоногоос илүү удаан хугацаагаар байлгаж чаддаггүй” гэсэн юм.

Даван туулагчдад цаашид дэмжлэг шаардлагатай байгаа тохиолдолд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэргэдэх Түр хамгаалах байр руу шилжүүлж, хүчирхийлэл үйлдэгчийн хэргийг шүүхээс шийдвэрлэх хүртэл байрлуулдаг байна. Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн даван туулагчид тус байранд олон сараар байрлах нь бий.

“Ийм учраас жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг нийгэм даяар, ялангуяа залуусын дунд тасралтгүй хийх нь тун чухал” гэж НҮБ-ийн Хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюун хэлсэн юм. Энэ нь тус байгууллагийн ажилладаг зорилтот бүлгүүдийн нэг бөгөөд Залуучуудын хөгжлийн хөтөлбөр нь залуучуудад зориулан гэр бүл төлөвлөлт хийгээд гэр бүлийн амьдралын бусад асуудал, эрүүл харилцаа, зөрчлийг шийдвэрлэх тухай боловсрол олгох сургалт явуулдаг. Уг сургалтууд нь шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан 13 цуврал гарын авлага дээр суурилсан байдаг бөгөөд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн Залуучуудын Хөгжлийн Төвүүдэд явуулдаг. Энэхүү сургалтад хамрагдсан Залуучуудын Хөгжлийн Зөвлөл нь эргээд бусдадаа мөн сургалт явуулж, илүү олуулаа болсоор байна.

Монгол дахь НҮБ-ийн Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн бугширсан байдлаас дүгнэж хэлэхэд НЦҮТ-үүдийг нээх ажил нь жендэр суурилсан хүчирхийллийг орон даяар таслан зогсоох энэхүү тэмцлийн зөвхөн эхлэл нь юм. Бидэнд цаашид хийх ажил их байна. Гэхдээ гол нь энэхүү аяллыг бид Монгол хүмүүстэй, Монголын улсын Засгийн газартай хамт эхлүүлсэн гэдэг нь чухал. Бид хамтдаа Монгол улсыг эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн, мөн хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэж, хамгаалдаг, амар тайван, цэцэглэн хөгжсөн нийгэм болгож чадна” гэсэн юм.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

 

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан

 

x