Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин хиймэл оюун ухаантай робот ерөнхийлөгчийг орлож чадахгүй гэжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ирээдүйд хиймэл оюун ухаант машинууд хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж эхлэх ч улс орныг удирдах ажлыг хийж чадахгүй гэж бодож байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хэлжээ.

Баасан гарагт Оросын Сбер банкны зохион байгуулсан хиймэл оюуны технологийн чуулганд оролцох үеэрээ Путин тус банкны хөгжүүлж байгаа Афина нэртэй робот туслагчтай ярилцсан юм.

Энэ үеэр Афина өөрийгөө ерөнхийлөгчийн ажил үүргийг гүйцэтгэх боломжтой эсэхийг Путинээс асуужээ.

“Тэр цаг хараахан болоогүй гэж би бодож байна. Хиймэл оюун ухаант машинд зүрх сэтгэл, хайрлах мэдрэмж, ухамсар гэж байхгүй. Бүхэл бүтэн улс үндэстний өмнөөс шийдвэр гаргахад эдгээр хүчин зүйлс маш чухал” гэж Путин хариулсан байна.

Гэхдээ хиймэл оюун нь төрийн тэргүүн төдийгүй бусад ямар ч хүний сайн туслах, багш байх боломжтойг тэр хэлжээ.

“Афина, танай роботууд төрийн тэргүүнтэй хамтарч ажиллах бол их хариуцлага хүлээнэ шүү” гэж Путин ярианыхаа үеэр хошигносон байна.

Эх сурвалж: Russia Today, РИА Новости