Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ Монгол Улсын талаарх цогц дүн шинжилгээ бүхий тайлангаа танилцуулж, хөгжлийн олон талт боломжуудыг хэлэлцлээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын эдийн засагт хийсэн цогц дүн шинжилгээгээ танилцуулж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюуки Савада болон Зүүн Азийн газрын захирал Жеймс Линч нар үйл ажиллагааг нээж, мэндчилгээ дэвшүүлэв.  

“Монгол улсын эдийн засгийн хэтийн төлөв: Хоёр том гүрний дунд орших арвин баялаг бүхий орон” хэмээх энэхүү тайлан нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улс гэсэн дэлхийн хамгийн том эдийн засагтай гүрнүүдийн дунд орших газарзүйн өвөрмөц байрлал болон байгалийн баялаг нөөцөөс үүдэх Монгол Улсын эдийн засгийн боломж, тулгамдаж буй сорилтуудыг шинжилсэн цогц судалгааны бүтээл юм.

АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ, “Бидний өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь 2020 оныг бүхэлд нь тодорхойлсон, ирээдүйд дэлхий даяар гүн ул мөр үлдээх КОВИД-19 цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Цар тахал даамжирч, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь дотооддоо томоохон дэгдэлттэй тэмцэж буй эдийн засгууд төдийгүй аялал жуулчлал, түүхий эдийн экспорт болон бусад гадаад эрэлтээс хамааралтай улс орнуудын эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Монгол Улсын хувьд макро эдийн засгийн сууриа сайтар удирдах нь эдийн засгаа сэргээхэд нэн чухал” хэмээн онцлов.

Азийн Хөгжлийн Төлөв 2020 тайлангийнхаа Шинэчилсэн төлөвт АХБ Монголын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар агшиж, ирэх онд 5.1 хувиар өснө хэмээн төсөөлжээ.

КОВИД-19 цар тахлын улмаас дэлхий дахины эдийн засгийн байдал хүндэрч, гадаад орчны эрс сөрөг нөлөө болоод хөл хорионоос үүдэлтэй дотоодын эдийн засаг суларснаас Монгол Улсын эдийн засаг оны эхний гурван улирлын байдлаар 7.3 хувиар агшсан. АХБ-наас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаарх шинэчилсэн төсөөллийг энэ сарын сүүлээр танилцуулах юм. 

“Эдийн засгийг төрөлжүүлэх нь нухацтай сонгож, боловсруулсан бодлогыг олон арван жилийн турш тууштай хэрэгжүүлэхийг шаарддаг урт хугацааны үйл явц юм. Энэхүү судалгаанд Монгол Улсын өмнө тулгарч буй бодлогын гол сорилтуудыг тодорхойлж, шийдвэрлэх гарцуудыг тоймлон харуулахыг зорьсон” хэмээн Зүүн Азийн газрын захирал ноён Жеймс Линч тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр Австралийн Үндэсний Их Сургуулийн Эдийн засгийн судалгааны сургуулийн багш Б. Ариун-Эрдэнэ, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал ба Монгол Улсын Их Сургуулийн Дэд профессор Б. Түвшинтөгс болон АХБ-ны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч бөгөөд Ерөнхий Эдийн засагч Деклан Магий нар судалгааны дүгнэлт, бодлогын зөвлөмжүүдийг танилцуулж, амьжиргааны түвшин, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хөгжил, эдийн засгийн төрөлжилттэй холбогдох бүлгүүдийн талаар илтгэл тавив. Арга хэмжээнд засгийн газар, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний хүрээлэн, иргэний нийгмийн болон хандивлагч байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо. 

Панел хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Профессор Б.Отгонтөгс, Бодь санхүүгийн зөвлөх үйлчилгээ ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Болормаа болон Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа нар оролцож, Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг цогцлооход тулгарч буй сорилт, боломжуудын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. 

"АХБ Монгол Улсын иргэн бүр эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэхэд дэмжлэг үзүүлж, анхаарч ажиллах болно"

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Салбарын нэр хүндтэй, туршлагатай хүмүүс ийнхүү нэн чухал сэдвийн хүрээнд санал солилцож байгаад АХБ-ны зүгээс ихээхэн талархаж байна. АХБ нь ирэх дөрвөн жил Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегиа тодорхойлж байгаа. Энэ хүрээнд бид Монгол Улсын иргэн бүр эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэхэд дэмжлэг үзүүлж, анхаарч ажиллах болно” хэмээн цохон тэмдэглэв.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.