Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ламбаа: Коронавирусийн вакцин цаашид жил бүр хэрэг болно. Нэг тун нь 2-5 бус 25-37 ам.доллар байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлого /Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт/-ын зөвлөх С.Ламбаа вакцинтай холбоотой дараах мэдээллийг өглөө. 

С.Ламбаа: Олон улсын байгууллагаар дамжуулж вакцин авдаг тогтолцоог Монгол Улс дархлаажуулалтын хуульдаа оруулсан. Гэхдээ энэ бол хүүхдийн товлолт вакцинд л хамаатай болохоос биш бусдад нь ямар ч хамаагүй. Ер нь олон улсын байгууллагаар дамжуулж бүх вакцинаа авна гэвэл үүн шиг худал зүйл байхгүй. ДЭМБ 192 орондоо бүгдэд нь л нэг юм амсуулахыг боддог. Бид энэ зовлонг үзсэн улс шүү дээ. Дээд тал нь 10-20 хувийг л авна. Бусдыг нь төсвийнхөө хөрөнгөөр худалдаж авдаг. 

ЭМЯ-наас гаргасан судалгаанд вакцины нэг нэгж тунг 2-5 ам.доллароор тооцсон юм билээ. Тэгээд 50 сая ам.доллар зээлнэ гээд байгаа. Үнэн хэрэг дээрээ вакцины зарлагдсан үнэ нь 25-37 ам.доллар гэж байна. Хоёр тунгаар бодохоор хэд болох вэ. 300-400 орчим тэрбум төгрөг шаардлагатай болно. Дээр нь тээвэрлэлт нэмэгдэнэ. Маш нарийн горимоор тээвэрлэдэг. Тээврийн зардалд өндөр үнэ төлдөг.

Тийм учраас улсын төсөв дээр тодорхой хөрөнгө тусгаад аль хэдийнэ захиалгаа өгсөн байх ёстой. Төсвийн мөнгөөр олон улсын байгууллагуудаас авч байсан болохоос биш хандив тусламжаар бага л юм орж ирнэ. Бүсийн хэмжээнд тогтоогдсон хэдхэн оронд л очих байх. Төсөв дээр мөнгө суулгаад вакцин авахад анхаарах хэрэгтэй байна. 

Ер нь ковидын вакцин цаашид жил бүр хэрэг болно. H1N1-ийн вакциныг дандаа хэрэглэж байгаа. Мутацид ороод томуугийн хэлбэрээр илэрдэг болсон. Төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан гэж байна. Тэр 20 тэрбум чинь жил бүр тусдаг мөнгө. Хүүхдийн товлолын, ханиад томуугийн, шарын зэрэг бүх вакциныг бид гаднаас авдаг. Ийм байхад төсөвт мөнгө суулгасан гээд маргаад байх шаардлагагүй. Бодит амьдралаа бодох хэрэгтэй.   

Өнөөдөр бид хэр бэлтгэлтэй байна вэ. 300 ор бэлэн л гээд байдаг УОК-ын дарга Я.Содбаатарын очиж үзсэнээр ямар ч бэлтгэлгүй, барилга нь дуусаагүй юм ярьж байсан. Амьсгалын аппаратууд аваачиж тавихын оронд бэлэн байгаа эмнэлгүүд дээрээ бэлтгэл ханга, оновчтой шийдвэрлэхгүй бол эрүүл мэндийн асуудал тоглоом биш.