Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын сансрын хөлөг сарны хөрснөөс дээж аваад дэлхий рүү буцах замдаа оржээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сарны хөрснөөс дээж авч чадсан Хятадын сансрын хөлөг дэлхий рүү буцах замдаа орсныг өчигдөр орой мэдээлжээ.

Домогт гардаг сарны дагины нэрээр нэрлэгдсэн Chang’e-5 хөлөг Улаанбаатарын цагаар өчигдөр оройн 11:10 цагт сарны гадаргаас хөөрснийг Хятадын төв телевиз дамжуулсан юм.

Дэлхийд авчрах хөрсний дээж нь сарны үүсэл гарал, гадаргуу дээрх галт уулын идэвхжил зэргийг судлахад үнэтэй материал болох гэнэ.

Хэрвээ сансрын хөлөг ачаагаа дэлхийд амжилттай газардуулж чадвал Хятад улс нь сарны хөрснөөс дээж авчирсан дэлхийн гурав дахь улс болж АНУ, Зөвлөлтийн дараа түүхэнд бичигдэнэ.

Хамгийн сүүлд 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын бүтээсэн Луна 24 хөлөг сарнаас дээж авчирч байжээ.

Хятадын Chang’e-5 хөлөг робот станцын тусламжтайгаар сарны хөрснөөс 2 кг орчим дээж цуглуулж чадсан байна. Дээж авсан сарны бүс болох Oceanus Procellarum нь галт уулын лааваар бүрхэгдсэн тэгш газар бөгөөд өмнө нь огт судлагдаж байгаагүй юм.

Сарны дээжийг энэ сарын дундуур Өвөр Монголын нутагт газардуулахаар төлөвлөжээ. Хятад улс нь сансар судлалын салбарт АНУ, ОХУ-ыг гүйцэхээр эрчтэй ажиллаж, олон тэрбумын хөрөнгө зарцуулж байгаа.

Тус улс анхны хиймэл дагуулаа 1970 онд хөөргөж байв. 2003 онд анхны сансрын нисгэгч нь дэлхийн тойрог замд хүрсэн юм.

2019 оны нэгдүгээр сард Хятадын инженерүүдийн бүтээсэн судалгааны станц сарны дэлхий рүү хардаггүй талд анх удаа буусан нь томоохон дэвшил болж байв.

Одоо тус улсын эрх баригчид 2022 онд дэлхийн тойрог замд байнгын станцтай болж, дараа нь саран дээр хүн буулгах зорилготой ажиллаж байна.

 

Эх сурвалж: AFP