Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Байден 100 өдрийн турш амны хаалт зүүхийг Америкчуудад уриалж, экс ерөнхийлөгч нар камерны өмнө вакцин хийлгэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өчигдөр CNN сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор америкчуудын амны хаалтны хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа ярьжээ.

Тэрбээр тангараг өргөх үеэрээ өөрийнх нь ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн турш амны хаалт зүүхийг АНУ-ын иргэдэд уриалах юм байна.

Үүнээс гадна Байден ерөнхийлөгч болсон эхний өдрөө холбооны засаг захиргааны бүх байшин барилгуудын дотор амны хаалт заавал зүүх захирамж гаргахаа амлажээ.

Тэр бас АНУ-ын халдварт өвчин судлалын топ мэргэжилтэн гэгддэг доктор Энтони Фаучиг өөрийнхөө засгийн газрын Covid-19 цар тахалтай тэмцэх багт зөвлөхөөр ажиллахыг урих төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр мэдэгдсэн байна.

Жо Байден ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм.

Зөвхөн доктор Фаучи коронавирусийн эсрэг шинэ вакциныг аюулгүй, шаардлага хангасан гэж дүгнэсний дараа өөртөө вакцин хийлгэж, нийт америкчуудыг дархлаажуулах ажлыг эхлүүлэхээ Жо Байден ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.

АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар (FDA) ирэх долоо хоногт хуралдахдаа Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж, шийдэх юм.

Хоёр хоногийн өмнө Их Британи улсын засгийн газар уг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон. Гэхдээ Америкчуудын хувьд вакцинд итгэх итгэл сул байгаа нь бас нэг санаа зовоох асуудал болж байна.

Өнгөрсөн сарын дундуур Gallup байгууллагын авсан судалгаагаар Америкчуудын 42 хувь нь үнэ төлбөргүй байсан ч вакцин хийлгэхгүй гэсэн байр суурьтай байгаа нь харагджээ.

Тиймээс АНУ-ын олон нийтийн дунд вакцины ач холбогдлыг сурталчлах ажил чухалд тооцогдож байна.

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар бүх нийтийн дархлаажуулалтыг дэмжих, сурталчлах зорилгоор телевизийн камерны өмнө вакцин хийлгэхээр болжээ.

“Нэгэн үе хамтран ажиллаж байсан доктор Энтони Фаучид би бүрэн итгэдэг. Хэрвээ тэр надад шинэ вакцин аюулгүйг батлан хэлэх юм бол би ямар ч эргэлзээгүйгээр хийлгэнэ. Шинжлэх ухаанд итгэдэгээ хүмүүст харуулахын тулд би телевизийн камерны өмнө вакцин хийлгэхэд бэлэн байна” гэж экс ерөнхийлөгч Барак Обама саяхан ярьсан юм.

Буш, Клинтон нар бас ийм бодол, төлөвлөгөөтэй байгааг хэвлэлийн төлөөлөгчид нь мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian