Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Амаржаргал: Улаанбаатар хотод шинжилгээ өгөөгүй иргэд орон нутаг руугаа зорчих боломжгүйг албан ёсоор мэдэгдье

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас шуурхай хурал зарлалаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Улаанбаатар хотод коронавирусийн халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор нийслэлд саатсан иргэдийг орон нутаг руу нь зорчуулах үйл ажиллагаа энэ сарын 1-нээс эхэлсэн. Эдгээр иргэнээс 11 дүгээр сарын 29-нөөс шинжилгээ авч эхэлсэн. Гэвч програм гацсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 29, 30, 12 дугаар сарын 1-нд шинжилгээ өгөхөөр 119.mn бүртгүүлж, шинжилгээнд хамрагдсан ч хариугаа авч чадахгүйд хүрсэн. 

Иймд гар утсаар нь хариуг хүргүүлж байгааг бид мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 29, 30, 12 дугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийн шинжилгээний хариу бүрэн шивэгдэж, цагдаагийн постод иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулахад шинжилгээний хариу нь гарах боломжтой боллоо. 

Програм гацсантай холбоотойгоор орон нутаг руугаа зорчиход хүндрэл үүссэн талаар иргэдээс санал гомдол ирсний дагуу цагдаагийн байгууллагын удирдлагад 11 дүгээр сарын 29-нөөс хойш шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүгд сөрөг гарсан тул шууд гаргах тухай албан тоот хүргүүлсэн. Албан тоотын утга нь гацсан иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан учир 48-72 цагийн дотор шууд зорчуулах тухай. Түүнчлэн хэрэв тухайн хүн бүртгүүлээгүй, шинжилгээ өгөөгүй, хариугаа аваагүй бол зорчуулах боломжгүй гэсэн юм. 

Иргэдэд анхааруулахад шинжилгээ өгөхөөр бүртгүүлж, шинжилгээнд хамрагдан хариугаа авснаар орон нутаг руу зорчих ёстой. Түүнээс бус Улаанбаатар хотод шинжилгээ өгөөгүй иргэд орон нутаг руугаа зорчих боломжгүйг албан ёсоор мэдэгдье.

Харин 0-12 насны хүүхдийг эцэг, эхийнхээ хамт явах гэж байгаа бол эцэг, эхийнх нь шинжилгээний хариунд үндэслэн зорчуулахаар болсон. Гэхдээ энэ насны хүүхийг хүнд дайх, хамт амьдардаггүй өөр хүнтэй хамт явуулах бол заавал шинжилгээ өгнө. 

Иргэдэд анхааруулж хэлэхэд иргэний үнэмлэхээ заавал авч явах ёстойг сануулъя" гэв. 

ШУУД ҮЗЭХ: