Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болорчулуун: Нэгэнт муудсан малд юу ч өгөөд тэнхэл авдаггүй. Тэжээлийн ургамал импортлох асуудлыг сарын өмнөөс ярих ёстой байсан

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Цагаан, гурвалжин, шар будаа, улаан буудайг тосны ургамлыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг ойлгож байна.

Улаанбуудайн хувьд цаасан дээр үргэлж хөөстэй тоотой явж ирсэн. Жил болгон 20-30 хувь, зарим жил 50 хувь дутагдаж байсан. ОХУ-аас улаанбуудай авахаар ярьж байна. 

Улаанбуудайн нэг тоннын үнэ гаднаас орж ирэхэд сая дөхөж орж ирэх гэж байгаа. Дагаад гурилын үнэ өсөх байх. Улаанбуудайг дотоодоос хангаж чадахгүй байна уу?  Энэ жилийн хувьд ургац хураалтыг гайгүй тогтоож байсан. Гэтэл цаг уураас болж нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ес эхлэхэд 10 гаруй хоногийн өмнө тэжээлийн ургамлыг импортлох асуудал ярьж байна. Уг нь сарын өмнө ярих ёстой байсан юм. 

Нэгэнт муудсан мал юу ч өгөөд тэнхэл авдаггүй байхгүй. Бид цагийн сайханд ОХУ-д өвс тэжээл экспортолдог байсан. Одоо авна гээд сууж байна. Энэ бол гутамшиг. Зүүн аймгууд руу дайрч, малын тэжээл бэлдэж байна. 

Энэ хүнд байдлаас гарах ганц гарц нь ногоон тэжээл тариалах. Газар тариалан эрхлэгчдэд албан даалгавар өгмөөр байна. Үүн дээр яам анхаарч ажиллах хэрэгтэй" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Хилээр орж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлчих юм байна. Оруулж ирсэн зүйлээ борлуулахад борлуулалт дээр НӨАТ бичигдэнэ. Ингэхээр гаднаас чөлөөлөөд дотроо иргэддээ НӨАТ бодогдоод очих юм биш үү. 

Нэгэнт дор орчихсон малд гадна дотноос  юу ч авчирч өгөөд нэмэргүй. Тэмээн дээр ямаа, ямаан дээр янгианы гарз гэж үг байдаг. Тиймээс муудсан өвлийг давахгүй байгаа малыг хэрэглээнд оруулах нь чухал байна. 

Хавар болоход тэдэн сая мал хорогдлоо гэдэг үг сонсмооргүй байна. Хорогдохыг мэдэж байгаа юм чинь хорогдох гэж байгаа малыг нядалгаанд оруулаад төрийн нэрийн өмнөөс иргэддээ өгөх юм бол хэн хэндээ нэмэртэй бодлого болно.

Эцсийн үр дүнд Монголчууд бүгдээрээ хожсон байх ёстой. Малчид малаа жалга руу биш, төрдөө итгэж өгөөд хэрэгцээнд оруулах нь чухал байна. Манайхаас өөр малаа харж байгаад жалга руу оруулдаг улс байхгүй" гэв.  

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Үр тариалан эрхлэгчдэд өгөх урамшууллыг ногоон тэжээл дээр өгөх ёстой. Ингэж байж тариалалтыг дэмжинэ.

Ногоон тэжээл тариалалт дээр үрийн асуудлыг хөнгөлөлттэй үнээр дэмжих бодлого баримтална. Хувийн хэвшлүүд мал мах борлуулахтай холбоотой асуудлыг хариуцаж, төр дэмжлэг үзүүлээд явна" гэлээ.