Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Дуламын түүх

ikon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Зургийг "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ы фэйсбүүк хуудсаас авав.

Хувь хүний нууцыг чанадлан хамгаалах үүднээс нэр, хэргийн зарим мэдээллийг өөрчилсөн болно.

Дулам анх Монгол орны хойд хэсэгт байрлах Дархан-Уул аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвөөс (НЦҮТ) тусламж хүсэхдээ сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн эмгэгээр (PTSD) шаналж байжээ. Тэр үед 40 орчим настай байсан Дулам хүүхдүүдийн хамт олон жил нөхрийнхөө гарт зовж амьдарсан байв. Ирээдүйдээ итгэх итгэлээ алдсаны дээр, амиа хорлох тухай бодол хүртэл үе үе төрдөг болсон байжээ.

Дуламын амьдрал уг нь ийм хүнд хэцүү байгаагүй аж. 20 орчим жил ханилсан хань Самбуутайгаа хүүхдүүдийн хамт амар жимэр аж төрж байжээ. Гэвч 2014 онд нөхөр нь нэгэн ойрын садангаа алдсан цагаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн байна. Уй гашуугаа даван туулахын тулд архи уух болж, удалгүй огт өөр хүн болж хувирчээ. Эхнэр, хүүхдүүддээ гар хүрч эхэлсэн бөгөөд үе үе гэр бүлээ гутаан доромжлох болжээ.

Самбуу мөн мэргэжлийн ажлаа тогтвор суурьшилтай хийж чадахаа больсноор Дулам гэр бүлээ ганцаар тэжээх ёстой болсон байна. Тэрбээр гэнэт халагдсаны тэтгэмж болон сар бүрийн 50,000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжээс өөр орлогогүй байсан тул хэдийнээ үүсээд байсан гэр бүлийн асар их стресс нь улам бүр нэмэгдсэн байна.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүчирхийлэл улам даамжирч эхэлжээ. Хаалттай хаалганы цаана гэр бүлд тохиолдож байгаа явдлаас болж хүүхдүүд нь ичгэвтэр байдалд орж, ялгаварлан гадуурхагдах вий гэж айсандаа Дулам болж буй явдлын талаар тусламж ч хүсч чадахгүй, найз нөхөд болон хамаатан садангууддаа ч ярьж зүрхлэхгүй байв. Дулам амьдрал нь эргээд сайжирна гэсэн итгэлээ өм цөм алдаж байлаа.

Эцэстээ том хүү нь шийдвэр гаргаснаар Дулам, хүүхдүүдээ аваад зугтсан байна. Энэ явдал хөхөө өвлийн хүйтэн шөнөөр болжээ. Самбуу гэртээ согтуу ирж, Дуламыг доромжилж, харааж, чирч, зодож эхэлсэн байна. Ээжийнхээ амь насанд санаа зовсон том хүү нь тусламжийн 102 дугаар руу залгасан байна. Ингэснээр тэд аймгийн төвийн НЦҮТ-өөс тусламж авах болжээ.

Дулам хүүхдүүдийн хамт НЦҮТ-д нэг сар амьдарсан бөгөөд сэтгэл зүйн гэмтлээсээ ангижирч, амьдралаа цаашид үргэлжлүүлэхэд нь туслах олон төрлийн дэмжлэгийг авсан байна. Тэд эрчимт сэтгэл заслын эмчилгээ хийлгэхийн хажуугаар амьдралын ур чадвараа сайжруулахад нь туслах олон төрлийн сургалтад суужээ. Эдгээр сургалт нь тэдний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх сэтгэлийг сэргээж, харилцаагаа илүү сайн зохицуулж, цаашдын сорилтуудыг даван туулахад туслах үндсэн арга барилд сургасан байна.

Даван туулагчдыг хүчирхийлэлтэй орон гэрээсээ явахад саад болдог эсвэл тусламж авсан хойноо хүчирхийлэл үйлдэгч нарын эрхшээлд буцан очиход хүргэдэг гол хүчин зүйл нь санхүүгийн чадамжгүй байдал гэдгийг ойлгосны үндсэн дээр НЦҮТ Дуламд “Дархлаажсан Ээжүүд” хөтөлбөрт хамрагдаж, төгсөх боломж олгосон юм. НЦҮТ мөн хүүхдүүдэд нь туслуулахаар сургуулийн нийгмийн ажилтнууд томилж өгсөн бөгөөд гэрийн багш боловсролын хөтөлбөрт хамруулж, төвд байх хугацаанд хичээл сургуулийг нь завсардуулаагүй байна.

Дулам болон хүүхдүүдэд нь үзүүлсэн дэмжлэгээр зогсохгүй НЦҮТ Самбууд хүртэл өөрийн амьдралаа дахин хяналтдаа авахад нь тусалжээ. Гэр бүлийнхэн нь НЦҮТ-д байрлах зуур Самбуу архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний эмчилгээнд хамрагдаж, НЦҮТ-ийн сэтгэл засалчтай долоо хоног бүр уулзаж, архины зохисгүй хэрэглээгээ даван туулахад, мөн гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн хүчирхийлэл үйлдэхэд нь хүргэсэн өөр олон асуудал дээр тусламж авч байсан юм.

Дулам нөхөртэйгөө эргэн эвлэрч, хүүхдүүддээ амар тайван, эерэг гэр бүл цогцлоож өгөхийн төлөө хамтдаа хичээхээр шийдсэнээс хойш нэг жил орчмын хугацаа өнгөрчээ. Өөртөө итгэх итгэл нь сэргэж, ирээдүйгээ өөдрөгөөр хардаг болсны дээр НЦҮТ-ийн ажилтнуудын тусламж, дэмжлэгийн ачаар Дулам нөхөртэйгөө хамт бизнес эрхлэх төлөвлөгөө гаргах зэрэг боломжуудыг ашиглаж эхэлсэн бөгөөд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн Амьжиргаа дэмжих хөтөлбөрөөс 6 сая төгрөгийн тэтгэлэг авч чадсан байна. Түүнээс хойш тэд гэр бүлийн бизнесээ эхлүүлж, КОВИД-19-ийн цар тахлын улмаас эдийн засаг хямарсан энэ үед ч бизнесээ  амжилттай үргэлжлүүлсээр байна.

Өөрөө туулж өнгөрсөн учраас Дулам орон нутагтаа жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголтыг дээшлүүлэх болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нөлөөллийн ажлуудад идэвхтэй оролцож эхэлсэн юм. Тэрбээр даван туулагчдад нөхцөл байдлаа даван туулахад нь тусалсаар байгаа бөгөөд үүний дүнд 2020 оны 4-р сараас аймгийнхаа нэгэн төрийн байгууллагад ажиллаж эхэлжээ.

Дулам НЦҮТ-тэй холбогдсон туршлагаа нэгтгэн дүгнэж, “Тэд [НЦҮТ-ийн баг] надад амьдрал болон гэрлэлтээ сэргээн босгоход тусалсан. Тэр бүх үйлчилгээ, эмчилгээ байгаагүй бол миний хувьд гэр бүлээ эргүүлэн нэгтгэх ямар ч боломжгүй байх байлаа. Нөхөр маань засарч, гэр бүл маань эргэн нийлсэн болохоор аль аль талдаа хожоотой үйл явдал болсон” гэж ярьсан юм.

Тэрээр мөн, “Одоо би өмнөхөөсөө илүү их инээмсэглэдэг болсон. Ирээдүйдээ бат итгэлтэй байгаа. НЦҮТ-ийн багийнхны дэмжлэгтэйгээр би өөрийгөө шинээр нээж, дахин төрсөн юм шиг л санагдаж байна” гэж ярьж байлаа.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

 

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан