Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсын ерөнхийлөгч асан Covid-19 өвчнөөр 94 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Франц улсын ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстен коронавирусийн халдвар авсныхаа дараа нас барсныг өчигдөр гэр бүлийнхэн нь зарлажээ.

Энэ жил 94 насыг зооглоод байсан тэрбээр 1974-1981 онд Франц улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

18 насандаа Парис хотыг Нацистуудаас чөлөөлөх дайнд оролцож явсан Д’Эстенийг Европын интеграцийн гол архитектор байсан гэдэг.

Тэрбээр хамгийн сүүлд энэ оны есдүгээр сарын 30-нд ерөнхийлөгч агсан Жак Ширакын оршуулгын ёслолд оролцохдоо олны өмнө ил гарч байжээ. Жак Ширак түүний засаглалын үед ерөнхий сайдаар ажиллаж байв.

Д’Эстен нь Франц улсыг орчин үеийн нийгэмд шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Генерал Шарль Де Голлийн засаглалын эрин үе өндөрлөсний дараа 48 насандаа ерөнхийлөгч болсон тэрбээр нийгэм эдийн засгийн томоохон шинэчлэлтүүдийг хийсэн байна.

Тухайлбал түүний засаглалын үед үр хөндөлтийг хуульчилж, сонгуульд санал өгөх насны босгыг 18 болгон бууруулж, хамтын зөвшилцлийн үндсэн дээр гэр бүлийг салгадаг болгосон юм. Олон том төслүүдийг хэрэгжүүлсний дотор Францын өндөр хурдны төмөр замын TGV сүлжээг бүтээн байгуулсан гавьяатай хүн ажээ.

 

Эх сурвалж: AFP