Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ-ийн захирлыг шинээр байгуулагдах Үндэсний зөвлөлөөс томилно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. 

Тус зөвлөл нь нийт 15 гишүүнтэй бөгөөд долоогийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа учраас дараагийн гишүүдийг сонгон шалгаруулах асуудал яригдаж байгаа юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: МҮОНРТ-тэй холбоотой бөөн хэл ам гарсан. Буруу зөвийг нь хууль хяналтын байгууллага тогтоох байх. Удирдлагуудын ажлын үр дүнг тооцдог механизм байна уу. Нэг хэсэг нь нэгнийхээ боорлож барьж идэх гэж байгаа юм шиг сонин байдал ажиглагдсан. 3-4 жилийн давтамжтайгаар МҮОНРТ-д хэрүүл шуугиан гардаг боллоо. Бөөн юм болж болж нэг захирлыг авч хаядаг. Асуудал нь хаанаа байна вэ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: МҮОНРТ дээр гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг нөхцөл байдал байгаа юм билээ. Ажилчдаас тавьсан шаардлагыг одоогийн хуулиар зохицуулах их хэцүү. Яагаад гэвэл ажилчдын зүгээс Үндэсний зөвлөлийн бүх гишүүдийг огцруулах шаардлага тавьж байгаа. Гэтэл Үндэсний зөвлөл нь өөрөө сонгон шалгаруулалтад ордог, хугацаатай томилогддог. 

Ажилчдын зүгээс тавьж байгаа хамгийн гол асуудал цалин урамшуулал. Засгийн газар ойрын хугацаанд нөөц хөрөнгөөс нь нэг тэрбум төгрөгийн цалин, урамшууллын асуудлыг шийдэж чадах юм бол шинээр томилогдох Үндэсний зөвлөлийн гишүүдээр захирлыг томилуулах асуудал дээр ойлголцсон. 

Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусаж байгаа. Уг нь материал хүлээж аваад, одоогийн байгаа Үндэсний зөвлөлийн гишүүд захирлыг томилох нэг боломж байгаа юм билээ. Гэхдээ бид ажилчдын төлөөлөл болж зохион байгуулалтад орсон хүмүүсийн саналыг хүлээн авч, гүйцэтгэх захирал болон ерөнхий захирлыг шинээр байгуулагдах Үндэсний зөвлөлөөр тавиулах нь зүйтэй гэдэг зарчим дээр ойлголцсон. Тиймээс Үндэсний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг цаг алдалгүй явуулах шаардлага үүсээд байна. 

Нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Цаашид МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгох шалгаруулалтад оролцох хүмүүст зарчим нэг байх ёстой. Түүнээс биш Ерөнхийлөгчийн, Засгийн газрын квотоор орж ирж байгаа хүмүүс нь журмаар зохицуулагддаггүй, зөвхөн УИХ-аас орж ирж байгаа хүмүүсийн асуудал журмаар зохицуулагддаг бол шударга бус. Журам гаргавал тэр нь бүх гишүүнд үйлчилдэг байх ёстой. 

Ийнхүү гишүүдийн олонхын саналаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. 

Ингэснээр уг ажлын хэсгээс Үндэсний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулсны дараа тус зөвлөлөөс МҮОНРТ-ийн захирлыг томилох юм байна.