Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Өвөрхангай аймгийн НЦҮТ-ийн туршлага

ikon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өвөрхангай аймаг дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн (НЦҮТ) резидент сэтгэл зүйч Н.Сэрчмаагийн хувьд ажлын өдөр бүр нь өвөрмөц байдаг. Зарим өдөр нь жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) даван туулагчидтай хамт сууж, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг бол бусад өдөр нь айлуудаар явж, эрсдэлийн түвшинг нь үнэлж, өрхийн гишүүдийн дунд хүчирхийлэл болон бусад эмзэг байдлын шинж тэмдэг байгаа эсэхийг судалдаг.

Сэрчмаа мөн үе үе нэлээн хүнд нөхцөлд ажилладаг. Сэрчмааг Цагдаагийн газар дээр гэрчийн мэдүүлэг өгч байхад нь нэгэн дунд эргэм насны эмэгтэй их айж сандарсан, ухаан нь самуурсан байдалтай хэлтэс рүү гүйн орж иржээ. Тэр эмэгтэй тусламж эрэн орилж, таньдаг хүн нь өсвөр насны охинд нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж бархирч байжээ. Даван туулагчид болон гэр бүлийнхэнтэй нь ажилладаг туршлага, ур чадвартай тул Сэрчмаа мөнөөх эмэгтэйд ойртон очиж, охинд нь хэрхэн тусалж болох тухай, мөн НЦҮТ-өөс үзүүлдэг үйлчилгээнд хамрагдах боломжийн талаар ярьсан байна.

Өвөрхангай аймаг дахь НЦҮТ 2020 оны 1-р сард үүдээ нээснээс хойш хариуцаж ажилласан олон хэргүүдийн зөвхөн нэг жишээ нь энэ юм. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ЖСХ-тэй тэмцэх нь” төслийн хүрээнд аймгуудад байгуулагдсан хамгийн отгон НЦҮТ хэдий ч, уг төв нь хэдийнээ цагдаагийн газар зэрэг үүрэг хүлээгчид болон нутгийн иргэдийн итгэлийг олж авсан байна. Ихэнх үйлчлүүлэгчид нь цагдаагийн газраас авсан мэдээллийн дагуу НЦҮТ-д ирдэг боловч төвийн ажилтнууд өөрсдийн санаачилгаар иргэдэд хүрч ажиллаж, зарим даван туулагчдыг төвдөө авч ирдэг байна.

КОВИД-19-ийн цар тахал анх дэгдэх үед НЦҮТ-ийн ажилтнууд орон нутгийн иргэдэд хүрч ажиллах хүчин чармайлтаа ихээхэн нэмэгдүүлж, сүүлийн хэдхэн сарын хугацаанд гэхэд гэр бүлийн дотоод дахь эрсдэлийг үнэлж, НЦҮТ-өөс үзүүлдэг амин чухал, амьдрал аврах үйлчилгээг танилцуулах гурван удаагийн өрх айлуудаар явах санаачилгыг хэрэгжүүлээд амжсан байна.

Анх 2015 онд Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) гэр бүлийн хүчирхийллийн (ГБХ) даван туулагчдад зориулсан түр хамгаалах байрыг Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулж байсан юм. Орон сууцны барилгын нэгдүгээр давхарт байрлах 8 ор бүхий уг байр нь үйлчлүүлэгчдээ зөвхөн байр сууц болон зуучлах үйлчилгээгээр хангадаг байв. Гэвч уг аймгийн эмэгтэйчүүдийн 52% нь амьдралдаа дор хаяж нэг удаа ГБХ-ийн ямар нэгэн хэлбэрт өртдөг болох нь судалгаагаар тогтоогдсон тул орон нутгийн удирдлагууд энэ төрлийн байр болон үйлчилгээг өргөтгөх шаардлагатайг ойлгосон юм.

ЖСХ-тэй тэмцэх нь төслийн зорилтот газруудын нэг болохын хувьд уг аймгийн НЦҮТ-д зориулж шинэ барилга барьж, аюулгүй байр, эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль эрх зүй болон хамгаалах үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээ үзүүлж ажиллах, түүнчлэн илүү нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай үед зуучлах үйлчилгээ үзүүлж ажиллах боломжоор хангасан юм. Уг шинэ барилга нь мөн ЖСХ-ийн даван туулагчдыг хамгаалах олон улсын стандартын шаардлагад нийцсэн бөгөөд нэг удаад 16 даван туулагчийг аюулгүй байрлуулах хүчин чадалтай ажиллаж байна.

НЦҮТ-ийг өргөтгөсөн явдал нь илүү олон даван туулагчийг байрлуулж, илүү хэрэгцээт үйлчилгээг дотроосоо үзүүлэх боломжтой болгосны дээр шинэ төслүүдэд зориулсан санхүүжилтийн боломжуудыг нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн, даван туулагчдыг чадавхжуулах янз бүрийн үйл ажиллагаа, сургалтуудыг зохион байгуулах илүү том орон зайг бий болгосон юм. Төслөөс олгосон илүү том байр хийгээд хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийн ачаар тус НЦҮТ нь өдгөө оёдол, гар урлал зэрэг даван туулагчдын чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Энэхүү НЦҮТ нь мөн даван туулагчдад хүнсний ногоо тарихад суралцах боломжийг олгосон хүлэмж барьсан юм. Ингэснээр хэрэгцээний хүнсний ногоогоо өртөг багатай авдаг болжээ. Энэ бүх үйл ажиллагаа нь даван туулагчдад ур чадвараа сайжруулж, ажилд ороход нь туслахын зэрэгцээ өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авч, төвөөс явсныхаа дараа илүү сайхан амьдрал бүтээхэд нь туслах зорилготой юм.

Сэрчмаа ярихдаа, “Манай аймаг дахь даван туулагчдыг хамгаалах газар нь түр хамгаалах байр байсныг өргөтгөж, НЦҮТ болгосноор бидэнд ч, даван туулагчдад ч олон боломж нээгдэж байна” гэсэн юм. Тэрээр НЦҮТ-ийн статустай болсноор төрийн байгууллагуудаас ч, донор байгууллагуудаас ч дэмжлэг, санхүүжилт хүсэх боломжтой болсныг онцолж, “Урьд нь бид санхүүжилт хүсэж олон газарт ханддаг байлаа. Гэвч дэндүү жижиг байгууллага гээд хэрэгтэй санхүүжилтээ авч чаддаггүй байсан. Харин одоо аймгийн НЦҮТ болж өргөжсөн учраас донор болон түнш байгууллагуудаас нэлээн нааштай хариу сонсож эхэлсэн шүү” гэж ярьсан юм.

Өвөрхангай аймгийн НЦҮТ саяхан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 13 сая төгрөгийн тэтгэлэг авахаар болсон юм. Энэхүү тэтгэлгийг сургалтын модуль боловсруулж, сурах бичиг, сургалтын материалаар хангах замаар үйлчилгээгээ сайжруулах НЦҮТ-ийн хүсэлтэд олгосон байна. Нутгийн иргэдийн хамгийн эмзэг бүлгийнхнийг аварч, амьдралыг нь сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж буйгаа ойлгосон энэ төвийн ажилтнууд санхүүжилтээ нэмэгдүүлэх, чадавхаа бэхжүүлэх, түүнчлэн даван туулагчдад илүү чадавхжиж, амьдралаа цаашид хүчирхийллээс ангид авч явах чадавхийг олгох боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлсээр байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

 

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан