Хагас зуу гаруй жилийн турш ашиглагдахдаа астрономийн олон нээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн аварга том радио телескоп нурсныг өчигдөр албаныхан зарлажээ.
Уг телескоп нь Карибийн тэнгисийн Пуэрто Рико арал дахь Аречибо одон орны судалгааны төвд байрладаг юм.
Өчигдөр телескопын 900 тонн жинтэй хүлээн авагч 120 гаруй метрийн өндрөөс 305 метрийн диаметртэй ойлгогч тавган дээрээ унаж, эвдсэн байна.
Тавагны дээр хүлээн авагч төхөөрөмжийг тогтоодог кабелнууд тасарснаас ийм осол гарчээ.
Аречибогийн радио телескопыг судалгаандаа ашигладаг олон эрдэмтэн астрономийн шинжлэх ухаанд том гарз гарсанд харамсаж байгаагаа мэдэгдсэн байна.
Анх 1960-аад оны үед тив алгасах пуужингийн довтолгооноос хамгаалахад ашиглах зорилгоор АНУ-ын батлан хамгаалах яамны санхүүжилтээр уг телескопыг байгуулж байжээ.
57 жил тасралтгүй ажиллахдаа олон удаагийн далайн хар салхи, газар хөдлөлтийг тэссэн байгууламж ийнхүү нурсан байна.
Жил бүр 90,000 хүн ирж, үзэж сонирхдог байсан телескопыг сүүлийн үед дэлхийд ойртон ирж буй астероидуудын замыг тодорхойлох, амьдрал байх боломжтой харь гарагийн хайгуул зэрэгт ашиглаж байжээ. Телескопыг ашигласан нэг судалгааны ажил Нобелийн шагнал хүртэж байсан юм.
Хүлээн авагчийг агаарт тогтооход ашигладаг эхний кабель энэ оны наймдугаар сард тасарч, дараа нь арванэгдүгээр сарын эхээр бас нэг кабель тасарч байжээ.
Телескопыг хариуцдаг АНУ-ын Төв Флоридагийн их сургуулийн судлаачид үлдсэн кабелийн даац хангалттай гэж тооцоолж байв.
Өнөөдөр дэлхийн хамгийн том радио телескопт Хятадын FAST (Five hundred meter Aperture Spherical Radio Telescope) хэмээх 500 метр диаметртэй байгууламж тооцогддог. Энэ байгууламж 2016 онд ашиглалтад орсны дараа Аречибогийн телескоп дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох болсон юм.
Эх сурвалж: Associated Press