Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлд бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. 

Тэрээр "Улаанбаатарын 40-өөд хорооны 60,000 өрхийг шинжилгээнд хамруулахаар УОК-ын даргатай тохирсон. Маргааш Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ.

Цаашдаа шинжилгээ авах, идэшний махны асуудал, орон нутаг руу иргэдийг явуулах зэрэг асуудлыг Хотын саналыг авч, нэгж бүрийг ажиллуулж явах нь илүү сайн зохион байгуулалттай, богино хугацаанд хийж хэрэгжүүлэх болно гэдгээ УОК-д хэлсэн.

Хоттой холбоотой асуудлыг гурав хоногийн өмнө ч юм уу хэлчихвэл хот сайн зохион байгуулж чадна.

Шинжилгээ авах ажлыг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд сайн ажиллаж байгаа.

Идэшний махны асуудлыг сайн зохион байгуулах чиглэлийг Хотын менежерт өгч байна.

Улаанбаатар хот хадлдвар тарах өндөр эрсдэлтэй хэвээр байна.

Энэ долоо хоногоос хүйтрэх учир иргэдийг түлшээр сайн хангахыг холбогдох албаныхан анхаарч ажиллах хэрэгтэй.

Шаардлагатай иргэдэд түлшний дэмжлэг үзүүлэх тооцоо судалгааг гаргахыг үүрэг болгож байна.

Салбар хувь хүн, үйлдвэр худалдааны чиглэлээр тус, тусад нь Call center нээж, иргэдийн гомдол саналыг салбар бүрд нь авч, чирэгдэлгүй үйлчлэхийг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Хотын хэмжээнд халдварын голомт нэмэгдээгүй, нэг голомтоос гурван кластер гараад хавьтлаас нь халдвар илэрч  байгаа учраас үйлчилгээний байгууллагуудаа үе шаттайгаар нээх санал тавьсан. Өвчний тархалтыг 14 хоногт хяналтдаа оруулах үүднээс мэргэжлийн байгууллагынхны саналыг хүндэтгэж үзсэн.

Дараагийн удаад ямар чиглэлийн үйлчилгээний салбарыг нээх тухайгаа иргэд, ААН-үүдэд мэдэгдэн бэлтгэл ажлыг хангуулахыг Ж.Сандагсүрэн даргад үүрэг болгож байна.

Вакцинд ард иргэдийг бүрэн хамруулах ажлыг бэлтгэх нь зүйтэй.

QR код олгох ажлын талаар гомдол их ирж байна. Алдаа байж болно алдаагаа засаж ажиллахыг хэлье. 

Засгийн газрын хуралдааны үеэр шар айраг болон дарс худалдаанд гаргах асуудал яригдсан.

Үүнд тухайлсан чиглэл, санал байхгүй гэдгийг онцолъё. Иргэдийн дунд шийдвэр гарсан мэтээр буруу ойлголт үүссэн байгаа.

Хот энэ асуудлыг шийдэх ёстой. Согтууруулах ундаатай холбоотой асуудалд ул суурьтай хандана. Цагдаагийн байгууллага болон гэр бүлийн хөгжлийн газраас 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд статистик ирсэн. Эндээс харахад эмт хэрэг болон зөрчлийн, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй тоо баримтууд 53%-аар буурсан үзүүлэлттэй байна. 

Согтууруулах ундаанаас хамаарч гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг байдаг нь харагдаж байна. Согтууруулах ундааг зохистой хэрэглээд явж байгаа хүмүүс бийг ойлгож байна.  Улаанбаатар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү шилжвэл үйлчилгээний салбаруудыг нээх, вино, пивог худалдаалж болох юм байна гэсэн тооцоололтой, байрь суурьтай байсан. 

Гэвч Улаанбаатар хот халдварын өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг өдөр бүр гаргаж байна. Ийм үед согтууруулах ундаа холбоотой шийдвэр гаргах  нь том эрсдэл дагуулна. Иймд иргэд минь 10 хоногийн хугацаанд тэсвэр, тэвчээртэй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

Муугаар бодоход согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэж халаад халдвар хамгааллын дэглэмээ сахих анхаарал сулрах, согтсон үедээ хаагуур явсан маршрут нь тодорхойгүй болдог зэрэг сөрөг үр дагаврууд байгааг иргэд минь зөв ойлгоорой.

Бид цар тахлын хөл хорионы дэглэмд байгааг ойлгох хэрэгтэй. Бидний хамгийн том ажил халдварыг хумих ажил" гэв.