Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний зөвлөл нууц санал хураалт явуулж, олонхын саналаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилно"

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг хүлээж авах хугацаа маргааш буюу 2020 оны арвахоёрдугаар сарын 2-ны өдөр дуусна.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд "Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно" гэж заасан байна. 

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг өмнө нь Л.Нинжжамц хашиж байсан билээ. 

Харин энэ удаагийн Ерөнхий захирлыг хэрхэн томилох талаар МҮОНРТ-ийн ҮЗ-ийн ажлын албанаас "Нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг бүртгэн авч, энэхүү журмын дагуу шаардлага хангасан материалыг Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

Үүний дараа Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогчидтой Үндэсний Зөвлөл танилцах ярилцлага хийнэ. Нэр дэвшигч нэг бүрд Үндэсний Зөвлөлийн гишүүд үнэлгээ өгч, хамгийн их оноо бүхий 2 нэр дэвшигчийг Ерөнхий захирлыг сонгох нууц санал хураалтад оруулна. 

“ОНРТ-ийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалтын дагуу Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар олонхын саналаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ. 

Одоогоор нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлэх нь хуулиараа боломжгүй" гэсэн тайлбарыг өглөө.

 Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур: 

  • Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Ял шийтгэлгүй байх,
  • Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
  • Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
  • НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,
  • Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,
  • ОНРТ-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,
  • “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх зэрэг шаардлага бий.