Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Moderna компани коронавирусийн эсрэг вакциндаа АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл хүслээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Биотехнологийн Moderna компани коронавирусийн эсрэг бүтээсэн вакциндаа түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын засгийн газарт гаргаснаа өчигдөр мэдээлжээ.

Тус компанийн бүтээсэн вакцины сүүлчийн шатны туршилт 94.1 хувийн үр дүнтэй гарсан байна.

АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар (FDA) зөвшөөрөл өгөх асуудлыг хэлэлцэх зөвлөлдөх хорооны хурлыг арванхоёрдугаар сарын 17-нд товложээ.

Хэрвээ зөвшөөрөл өгвөл 24 цагийн дотор эхний ээлжийн вакциныг нийлүүлэх боломжтойгоо Moderna компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Pfizer/BioNTech компаниудын Covid-19 вакцин 95 хувийн үр дүнтэй туршигдсан бөгөөд Moderna-гийн вакцинаас долоо хоногийн өмнө зөвшөөрлөө авах төлөвтэй байгаа.

Ингэвэл хоёр төрлийн вакцин энэ онд багтаж хэрэглээнд нэвтрэх боломжтой болно.

Moderna удахгүй Европын Холбоонд зөвшөөрөл авахаар хандах гэж байгаагаа мэдэгджээ. Тус компанийн хувьцааны ханш Даваа гарагийн арилжааны үеэр 20 хувь өссөн бөгөөд энэ оны эхнээс нийтдээ 700 орчим хувиар өсөөд байгаа юм.

Moderna компани энэ оныг дуусахаас өмнө 20 сая тун вакциныг АНУ-ын зах зээлд нийлүүлэх боломжтой гэнэ. Энэ нь 10 сая хүнд дархлаа тогтоох хэмжээний вакцин юм.

“Бид маш өндөр үр дүнтэй вакцин бүтээсэндээ итгэлтэй байгаа. Үүнийг батлах тоо баримт бидэнд байна. Цар тахлыг дарахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Вакцин хийлгэсэн хүний Covid-19 өвчнөөр өвчлөх боломж 20 дахин буурах юм” гэж Moderna компанийн судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Тал Закс мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters