Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны эрдэмтний амийг алсын удирдлагатай автомат буугаар хөнөөсөн тухай мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Ираны цөмийн судалгааны хамгийн том эрдэмтэн нийслэл Тегераны ойролцоо халдлагад өртөж, амиа алдсан билээ.

Эхэндээ аллагыг зэвсэглэсэн бүлэг хүмүүс үйлдсэн гэж Ираны хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл Ням гарагт Фарси агентлагийн цацсан мэдээнд уг аллагыг алсын удирдлагатай автомат буугаар үйлдсэн, хэргийн газарт ямар ч хүн байгаагүй тухай мэдээлжээ.

Ниссан автомашинд суурилуулсан автомат буугаар халдлага үйлдэх үеэр Ираны цөмийн хөтөлбөрийн удирдагч Мохсен Фахризадех болон бие хамгаалагчид нь амь үрэгдсэн байна. Халдлагын дараа автомат бууг суурилуулсан автомашин шатсан тухай мэдээлжээ.

Одоогоор аллагыг Израйлийн тусгай албад гүйцэтгэсэн гэж Тегераны эрх баригчид үзэж байна. 2000-аад оны эхэн үеэр цөмийн судалгааны дөрвөн эрдэмтэн эх орондоо алагдсаныг Израйль улсаас явуулсан ажиллагаа гэж үздэг.

Ираны шашны тэргүүн Аятолла Али Хамени “аллагыг захиалсан этгээдүүдэд хатуу шийтгэл хүлээлгэх” амлалт авч буйгаа нийтэд зарласан юм.

Хатуу чиг баримтлалтай Ираны нэгэн сонинд өчигдөр гарсан нийтлэлд Израйлийн Хайфа боомт хотод цохилт өгөх санаачилга гаргажээ.

Зарим ажиглагчид АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа Иран улстай харилцаагаа сайжруулж магадгүй байгаа тул үүнд саад хийхийн тулд ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгтэйгээр Израйлийн тал халдлагыг гүйцэтгэсэн байх магадлалтай гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден тангараг өргөснийхөө дараа Ираны цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргасан Дональд Трампын шийдвэрийг буцааж магадгүй байгаа.

Жо Байдентай Ардчилсан Намын дотоод сунгаанд өрсөлдөж байсан Бэрни Сандерс “Мохсен Фахризадехын аллага бол хууль бус, харгис балмад, өдөөн хатгасан үйлдэл. Шинэ засаг захиргаа байгуулагдаж байгаа энэ үед уг аллага болсон нь АНУ-Ираны дипломат харилцааг хорлох гэсэн зорилготой нь тодорхой байна. Бид ийм зүйлд хүргэхгүй байх ёстой. Аллага биш, дипломат яриа хэлэлцээ хамгийн зөв зам” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP