Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ютагийн цөлөөс олдсон металл хөшөө ор сураггүй алга болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Юта мужийн зүүн өмнөд хязгаарын элсэн цөлд нууцлаг металл хөшөө илрүүлснээ орон нутгийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.

Энэ нутгийн аргалийн сүргийн тоо толгойг тогтоохоор нисдэг тэрэгтэй аялж явсан байгаль хамгаалагчид үүнийг илрүүлж байв.

Осол эндлээс болгоомжилсон эрх баригчид хөшөөний байрлалыг нууцалж байсан ч сүүлийн өдрүүдэд арав гаруй хүн олж очиж чадсанаа сошиал сүлжээнд мэдээлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр 3.7 метр орчим өндөр уг хөшөө ор сураггүй алга болсныг Юта мужийн газрын менежмэнтийн алба мэдээлжээ.

Бямба гарагт нисдэг тэрэгтэй очсон хүн хөшөө алга болсныг анх мэдсэн байна.

Ютагийн газрын алба ямар нэг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваагүй гэнэ.  Учир нь энэ бүтээл хувийн өмчид тооцогдох тул эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хөндөх эрхгүй болохоо мэдэгджээ. Хөшөөг алга болсны дараа газар дээр нь очсон хүмүүс суурийн нүх, гурвалжин металл хавтангаас өөр зүйл үлдээгүйг сошиал хуудсандаа харуулсан байна.

Олдворыг анх нээсэн нисдэг тэрэгний нисгэгч Брэт Хачингс үүнийг 1968 оны “2001: A Space Odyssey” киноны фэний уран бүтээл байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байв. Стэнли Кубрикийн энэ кинонд харь гарагийнхны бүтээсэн хар металл хөшөө дүрслэгддэг юм байна.

Юта мужийн шерифийн алба одоогоор эзэн нь ил болж, хүсэлт гаргаагүй тул хөшөө алга болсон хэргийг мөрдөн шалгаагүй байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC