Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Архи, тамхи хэрэглэдэг дархлаа суларсан хүн коронавирусийн халдварт өртөх нь илүү гэсэн судалгаа бий

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Томуугийн вакцин нь коронавирусийн хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой гэсэн зөвлөмжийг олон эрдэмтэд өгч байгаа

-Коронавирус илэрсэн газруудад ариутгал хийгдэж байгаа юу? Эмчилгээ хийгдэж байгаа иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ? Амь насанд аюулгүй юу? Өнөөдрийн илэрсэн тохиолдлын хэд нь шинэ, хэд нь ойрын хавьтлын хүмүүс байгаа вэ? Тусгаарлах байруудыг ямар шалгуураар сонгосон бэ?

-Нийслэл хотод гарч байгаа халдварын голомтод Зоонозын үндэсний төвийн хоёроос гурван баг ариутгал хийж байгаа. Аймгуудын хувьд тухайн аймгуудын эрүүл мэндийн газар, Зоонозын үндэсний төв нь ажиллаж байна.

Өнөөдөр эдгэрээд гарч байгаа долоон хүн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол юм. Өвчтөнүүдийн биеийн байдал хүндэвтэр, маш хүнд гээд хүнд байна. Боломжтой бүх арга хэмжээг авч байгаа. Тусгаарлан ажиллах байрыг ажлын хэсэг томилогдон ажиллаж сонгодог. Нэг хүн нэг өрөө гэсэн шаардлага тавигдаж байна.

Төвийн шугамд холбогдсон газруудыг сонгож тусгаарлаж байгаа. Гадна талын аюулгүй байдлыг хамгаалж цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

-ДЭМБ-аас нийт иргэдийг томуугийн вакцинд хамруулахыг зөвлөж байгаа. Тэгвэл манай улсын иргэдийн хувьд хэчнээн иргэн томуугийн вакцинд хамрагдсан бэ? Хүртээмж ямар байна вэ? Томуугийн вакцинд хамрагдсанаар коронавирус тусвал хөнгөн тусах магадлалтай гэж зөвлөж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Орон нутгаас иргэдийг авчирч Улаанбаатарт төвлөрүүлж байгаа нь эрсдэлтэй биш үү? Орон нутгийн постуудын анхаарал сул байна уу? Улаанбаатар хотоос хоёр иргэн Архангайд нууц тээврийн хэрэгслээр очсон гэдэг мэдээлэл байна. Энэ талаар хариулт өгөөч.

-Томуугийн вакциныг есөн сарын сүүлчээс эхлээд 10 сарыг дуустал улсны хэмжээнд хийсэн. Нийт Монгол Улсын засгийн газар ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 525 мянган хүн тун аваад томуугийн вакциныг жирэмсэн, онцгой байдлын алба хаагчид гээд сайн дурын иргэдийг ч хамруулсан. Томуугийн вакцин нь коронавирусийн хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой гэсэн зөвлөмжийг олон эрдэмтэд өгч байгаа.

Манай улсын хувьд өмнөхөөс хоёроос гурав дахин их иргэнийг энэ жил томуугийн вакцинд хамруулсан.

Эхний өвчлөл гарч байсан үед ХӨСҮТ-д иргэдийг тээвэрлэж авчирч эмчилж байгаа. Өвчлөлийн голомт нэмэгдэж байгаа учир цаашид Дархан, Сэлэнгэ гэх мэтчилэн аймгуудын халдвартын эмнэлэгт өвчтөнийг эмчлэх арга хэмжээг авч байгаа. Архангай аймагт хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж  байсан жолооч учраас постууд зохих шалгалтуудаа хийгээд оруулсан.

-Орон нутаг руу буцах иргэдийн хувьд шинжилгээ өгөх газрууд цагтаа онгойхгүй байгаа учраас бөөгнөрөл үүсэж байна гэсэн мэдээлэл ирлээ.  Сүүлийн үед зарим иргэд архи согтууруулах ундааг борлуулалтад оруулаач гэж ярьж байна. Үүнийг хэрэглэх нь биеийн эсэргүүцэл дархлаанд яаж нөлөөлөх, хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад халдвар авах эрсдэл нь хэр вэ?

-Ямар нэгэн халдварт өвчинд өртөхгүй байх гол зүйл нь дархлаа буюу биеийн эсэргүүцэл сайн байх шаардлагатай. Дархлаа сайтай хүн халдварыг авах ч гэсэн хүндрэхгүй богино хугацаанд эмчлэгдэнэ. Тиймээс архи согтууруулах ундаа хүний дархлааг бууруулдаг.

Архи тамхи хэрэглэдэг, дархлаа суларсан хүн коронавирусийн халдварт өртөх нь илүү гэсэн судалгаа гарсан. Өртсөн тохиолдолд хүндэрч, цаашид архаг өвчин үүснэ гэдгийг мэдэгдээд байгаа. Тиймээс залуучууд аль болох архи, тамхинаас татгалзахыг дэлхий нийт уриалж байна.

Улаанбаатар хотын 20 цэгт шинжилгээ авах цэгийг байгуулаад холбогдох албаныхан ажиллаж байна. Эрсдэлээс сэргийлэх гол зүйл бол мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг сахих юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.