Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ютагийн цөлд илэрсэн нууцлаг хөшөөнд хүмүүс очиж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Юта мужийн өмнөд хязгаарын цөлд нэгэн нууцлаг металл хөшөө бий болсныг өнгөрсөн долоо хоногт байгаль хамгаалагчид илрүүлсэн тухай мэдээлсэн билээ.

Рэд Рок цөлд босгосон энэ хөшөөг энд амьдардаг аргалийн тоо толгойг тодорхойлох жил тутмын тооллогын үеэр нисдэг тэрэгнээс олсон байна.

Юта мужийн эрх баригчид хөшөөний байрлалыг нууцалсан нь эзгүй хоосон цөлд хүмүүс төөрөх эрсдлээс болгоомжилсон хэрэг байв.

Гэвч адал явдалд дуртай хүмүүс энэхүү нууцлаг бүтээлийн байрлалыг олж, түрүүчээсээ очиж эхэлжээ.

Анх мэдээлснээс нь хойш 48 цагийн дараа эхний хүмүүс металл хөшөөний дэргэд авхуулсан зургаа сошиал сүлжээнд нийтэлж эхэлсэн байна.

Тим Слэйн гэдэг хүн эхлээд байгаль хамгаалагчдын нисдэг тэрэгний явсан замын дагуу газрын зураг дээр мөрдөж, хөшөөний байрлалыг тогтоосноо онлайн орчинд зарласан юм.

АНУ-ын армийн офицер асан 33 настай Дэвид Сурбер гэгч цөлөөр зургаан цаг давхисны эцэст зарласан байрлалын дагуу хөшөөг олж очсоноо Инстаграм хуудсандаа бичжээ. Ирснээс нь хойш 10 минутын дараа өөр хүмүүс нэмж ирснийг тэр мэдээлсэн байна.

3 метр орчим өндөртэй уг металл хөшөөг зарим хүмүүс Жон Маккракен агсан зэрэг минималист барималчдын нэгний бүтээл байж магадгүй гэж тааварлаж байгаа. Маккраккены галерейн төлөөлөгч үүнийг талийгаачийн бүтээл биш гэдгийг баталсан ч бусад хүмүүсийнх байх магадлалыг үгүйсгээгүй юм.

Харин зарим хүмүүс харь гарагийнхны босгосон хөшөө гэсэн онол дэвшүүлээд байна.

 

Эх сурвалж: The Guardian