Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын шаардлагаар саналын хуудсыг дахин тоолоход Байдены авсан санал нэмэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан үргэлжилж байна. Уисконсин мужийн хамгийн том тойргийн саналын хуудсыг дахин тоолуулах хүсэлтийг ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабаас гаргасныг тус мужийн шүүх зөвшөөрсөн юм.

Гэтэл Милвуки тойргийн саналын хуудсыг дахин тоолоход эсрэг үр дүнд хүрч, нэр дэвшигч Жо Байдены авсан саналын тоо 132-оор нэмэгдсэнийг орон нутгийн захиргаа өчигдөр зарлажээ.

Одоо тус мужийн бас нэг том тойрог болох Дэйнд саналын хуудсыг дахин тоолох ажил үргэлжилж байгаа ба Ням гарагт үр дүн нь гарах юм.

Дээрх хоёр тойргийн саналын хуудсуудыг дахин тоолуулахад Трампын сонгуулийн штабаас гаргасан зардал нь $3 саяд хүрчээ. Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден арваннэгдүгээр сарын 3-нд болсон сонгуулиар Уисконсин мужид Трампаас 20,000 гаруй санал илүү авч ялалт байгуулж байв.

Гэвч Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй, гол өрсөлдөөнт мужуудын саналын хуудсыг дахин тоолуулахаар шүүхэд хандсан юм.

Гэхдээ АНУ-ын мужууд энэ долоо хоногт бүх маргаан гомдлыг шалгаж барагдуулаад ирэх долоо хоногт үр дүнгээ баталгаажуулах хуулийн хугацаатай тул Трампын тэмцэл талаар болох нь нэгэнт тодорхой болжээ.

 

Эх сурвалж: Reuters