Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

50 гарсан настай Майк Тайсон, Рой Жонс нар дэвжээнд тулалдах гэж байна

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Боксын спортын домог болсон ахмад тамирчид өнөөдөр “Frontline Battle” нэртэй тулааныг хийх гэж байна.

Тэдний нэг нь одоо 54 настай “төмөр” хочит Майк Тайсон бол нөгөөх нь 51 настай Рой Жонс юм.

Майк Тайсон дэлхийн хамгийн залуу хүнд жингийн аварга болохдоо 20 нас, дөрвөн сартай байжээ. Тэрбээр мэргэжлийн боксчин болсон эхний жилдээ 15:0 харьцаатай тулалдаж, бүх ялалтаа хүнд цохилтоор авч байв.

Тайсон спортын замналаа 50:6 харьцаатай дуусгасны 44 ялалтыг нь хүнд цохилтоор авч байжээ. Тэрбээр 2005 онд Кэвин Макбрайдад ялагдсаныхаа дараа зодог тайлсан юм.

Түүний өрсөлдөгч дэлхийн аварга асан Рой Жонс нь 66:9 харьцаагаар спортын замналаа өндөрлүүлж байв. Тэр 2018 онд Скотт Сигмоныг ялаад зодог тайлжээ.

Экс аваргуудын нөхөрсөг тулаан нь коронавирусийн цар тахлыг өөдрөг сэтгэл зүйгээр даван туулах итгэл найдварыг хүмүүст өгөх зорилготой гэнэ. Бас нас бол тоо, гол нь эерэг хандлага, эрч хүчтэй амьдрахын чухлыг харуулах юм байна.

Тулаан тус бүр нь хоёр минутын урттай (ердийн үед гурван минут байдаг) найман үеэр зохион байгуулагдах ба өрсөлдөгчид бээлийнээс өөр ямар ч хамгаалалтгүй тулалдах ажээ.

Ялагч нь ямар нэг цол хүртэхгүй ч дурсгалын бүс авахаар болжээ.

Тулаан Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 10:00 цагт Лос Анжелесийн Staples Center-т эхлэх дөрвөн цаг үргэлжлэх арга хэмжээний төгсгөл хэсэгт болно.

Уг арга хэмжээг зөвхөн төлбөртэй сувгаар үзэх боломжтой ажээ. Үзвэрийн төлбөрийн хэмжээ АНУ-д $50-аар үнэлэгдсэн байна.

Тулаанаас олсон орлогын зарим хэсгийг хүний наймаа, хөхний хорт хавдартай тэмцэх сангуудад хандивлаж, үлдсэн хэсгийг цар тахалд нэрвэгдсэн боксчдын ахуй амьдралыг дэмжихэд зориулах гэнэ.

Майк Тайсоны санаачилсан Legends Only League анхныхаа тулааныг зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд цаашдаа боксын домог болсон тамирчдын нөхөрсөг тэмцээнүүдээр үргэлжлүүлэх ажээ.

 

Эх сурвалж: CNN