Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баясгалан: Монгол Улсад хандуулах АНУ-ын анхаарал буурахгүй гэж бодож байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 11 сарын 30
iKon.MN

Цар тахлаар овоглосон 2020 он дуусахад ганцхан сар үлдлээ. Монгол Улс хэдий дотооддоо коронавирусийн халдвар алдаж, өвчлөлийг газар авахуулахгүй байхад хамаг анхаарлаа хандуулж байгаа ч амьдрал үргэлжилж, ялангуяа ирэх жилүүдэд манай улсын эдийн засагт нөлөө үзүүлэх олон улсын томоохон үйл явдлууд өрнөсөөр буй. 

Тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Монгол Улсаас хол мэт боловч их гүрний бодлого хөрш орнуудаар дамжин хэрхэн нөлөөлж болохыг Худалдааны дайн харуулсан. Тиймээс америкчуудын шинэ сонголт болон дэлхийн хоёр том орны цаашдын бодлого манай улсад хэрхэн тусах боломжтой талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн судлаач, доктор С.Баясгалантай ярилцлаа.  



 
Гэрэл зургийг MPA.mn

-Ирэх дөрвөн жилд АНУ-ыг Жо Байден удирдах нь тодорхой болж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хараад та судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонгуулийн үр дүн хараахан эцэслэгдээгүй байна. Ерөнхийдөө ардчилсан тогтолцоог доголдуулсан шинэ жишиг бий болчихлоо гэж харж байгаа. Хошигнож хэлбэл, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал бий болох нь. Трампын арга нь тийм болчихлоо шүү дээ, аливаа үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх. Албан ёсоор Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс нааш энэ алба баталгаажихгүй. 

Энэ бол туйлын аюултай. Ялангуяа Их гүрний хувьд. 

-Сонгуулийн үр дүнг сунжруулах, хүлээн зөвшөөрөхгүй байх энэ үзэгдэл Их гүрний хувьд аюултай байна гэдэг бусад улсад яаж нөлөөлөх вэ?

-Их гүрний хувьд ямар гадаад бодлого явуулах вэ гэдгийг дэлхийн бусад улс орон  ажиглаж байдаг. Тиймээс тодорхойгүй нөхцөл байдал үүсэх нь маш төвөгтэй. Яг л манай дотоодын улс төрийн макро хувилбар гэсэн үг шүү дээ. Ажил урагшилж өгдөггүй.

Олон улсын харилцаанд тодорхой байх нь хамгийн чухал. Улс орнууд тухайн улстай харилцах тодорхой бодлого, чиглэлтэй байдаг. Гэтэл яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байна гэдэг хүндрэлтэй. Хэвлэлүүд хүртэл Орос, Хятад улс Байденд баяр хүргэсэнгүй гээд эхлэх жишээтэй. Үнэн хэрэгтээ нөгөө орнууд нь албан ёсны шийдвэрийг хүлээгээд  байгаа хэрэг. Холбоотон орнууд бол хэн ялалт байгуулахаас үл хамаараад бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэх маягтай. 

-Ямартай ч Жо Байден олонхын саналыг авчихсан. Энэ хүн Ерөнхийлөгчөөр ажиллахаар болоход дэлхийн геополитик талдаа ямар нөлөө үзүүлэх вэ?

-Геополитик талдаа өргөн хүрээнд харвал нэг чухал зүйл ажиглагдаж байгаа. АНУ яг Азийг чиглэсэн ямар бодлого баримтлах вэ гэдэг төсөөлөл гарч ирж байна л даа. Байдены мөрийн хөтөлбөрөөр бол юун түрүүнд социалист бодлого явуулж эхлэх нь. 

Ер нь олон улсын харилцаанд хоёр үндсэн том онол байдаг. 

  • Риалист буюу Трампын явуулсан бодлого. Эрс шийдэмгий, хурц, хүчинд дулдуйдсан, тулгах маягтай бодлого гэсэн үг. 
  • Либерал буюу Ардчилсан намын баримталдаг аядуу зөөлөн бодлого. Зөөлөн хүчний бодлого гэж бид ярьдаг шүү дээ. 

Ж.Байден бол АН-аас нэр дэвшиж гарч ирсэн либерал үзэлтэй хүн. Ийм үзэлтэй хүн гарч ирээд Хятадтай Д.Трампын хэмжээний бодлого явуулж чадах уу, үгүй юу гэдэг том асуултын тэмдэг урган гарч байгаа. 

Нөгөөтөйгүүр, Хятадын хувьд маш өндөр хүлээлт бий. Энэ нь Трампын эхлүүлсэн худалдааны маргааныг Байден зогсоох болов уу гэсэн хүлээлт. Ши Жиньпин өмнө нь Байдентай нэлээн олон удаа уулзаж байсан, нөхцөл байдлыг мэдэх учраас харьцангуй нааштай бодлого явуулах болов уу гэсэн хүлээлт Хятадын талд байна. 

Гуравдугаарт, Байден гарснаар АНУ-ын гадаад бодлого урьдчилан таамаглан харж болохуйц, тодорхой чиг шугамтай байх болов уу гэсэн хүлээлт. 

-Америкчуудын энэ удаагийн сонголт Монгол Улсад тийм ч их нөлөөлөхгүй гэж зарим мэргэжилтэн үзэж байгаа бол иргэд сөргөөр нөлөөлнө гэсэн ойлголт авчихсан нь харагдаж байсан. Таны харж байгаагаар манай улсад ер нь ямар нөлөө гарах вэ?

-АНУ Ази тивд Хятадтай л гол нь харилцаж байгаа шүү дээ. Хятад улстай энгийн харилцаатай байхад бусад улс орон руу чиглэсэн анхаарал нь сул байдаг. Үндсэн бодлого нь Хятад руу чиглэчихэж байгаа болохоор тэр. 

Харин Хятадтай харилцаа нь хурцдаад ирэхээр, ялангуяа Хятад улс улам хүчирхэгжиж буй одоогийн нөхцөлд АНУ-ын сонирхол энэ улсыг хазаарлахыг зорьсон. Трамп бол шууд татварын хориг тавьж, худалдааны дайн эхлүүлж, шийдэмгий арга хэмжээ авсан. 

Байдены хувьд энэ мэт шийдэмгий арга хэмжээ гэхээсээ илүү АНУ-тай санаа нийлсэн улс орнуудыг Хятадын эсрэг, нэг ёсны холбоотон маягаар, эвсэл холбоогоор шахалт үзүүлнэ гэсэн байр суурьтай байгаагаа мэтгэлцээнийхээ үеэр илэрхийлсэн. Энэ хүрээнд яана гэхээр, Хятадыг тойрч байгаа улс орнуудтай гадаад бодлогоо эрчимжүүлэх замаар өөрийн хүрээлэлдээ татан оруулах бодлого барих нь. 

Тухайлбал, АНУ Хятадтай сайн харилцаатай байхад үе үеийн удирдагч нар нь үндсэндээ Ази, Номхон далайн бүс нутгийн холбоотон орнууд буюу Япон, БНСУ зэрэг улсаар төрийн айлчлал хийгээд л буцчихдаг байсан. Гэтэл харилцаа нь хурцдаад эхлэхээр Монгол руу анхаарал хандуулах нь идэвхжээд ирдэг. 

Манай хоёр орны хувьд харилцаа дээд хэмжээнд очсон нь ойлгомжтой. Иж бүрэн стратегийн түншлэлтэй тул харилцаа угаасаа сайн байх юм биш үү гэж бодож байж магад. Энэ нь харилцаа сайдах муудах тухай асуудал биш. Идэвхтэй байх уу, идэвх нь сулрах уу гэдэг нь гол юм. Ийм ч учраас Трампын үед харилцаа идэвхжсэн.

Хятадтай харилцах харилцааны тухайд ардчилсан гэгддэг, үзэл бодол нэгдсэн улс орнуудыг өөртөө татах нь чухал байсан тул тэдгээрт анхаарал тавьж, хөрөнгө оруулж, тусламж үзүүлэх хэлбэрээр явж байгаа. Энэ бодлого Байдены үед үргэлжлэх байх гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол улсад хандуулах АНУ-ын анхаарал буурахгүй гэж бодож байна. Эрчимжиж болно. Яагаад гэвэл зөөлөн аргаар, Хятадыг сөрөн зогсох жижиг хамаагүй орнуудыг өөртөө татаж, “Бүс ба зам” санаачилгыг сааруулах маягаар сөрөг хөрөнгө оруулалт хийж болох юм. 

-Трампын бас нэг шийдэмгий бөгөөд дэлхий нийтийг анхаарлыг татаж чадсан алхам нь БНАСАУ-тай бий болгосон харилцаа яах аргагүй мөн байх. Харин Байден энэ харилцааг үргэлжлүүлэх болов уу?

-Хойд Солонгос Америкийн харилцаа хурцдаж мэднэ. Яагаад гэвэл Байден олон улсын харилцааны либерал онолын үнэт зүйлийг баримталдаг, АН-аас нэр дэвшсэн, либерал хүн. Тиймээс хүний эрхийн асуудал ч ярина, ардчиллын асуудал ч ярина. Үүнээс болоод Хойд Солонгосын талаар хатуу бодлого баримтлах буюу Барак Обамагийн үеийн бодлогыг сэргээх төдийгүй тэр чигт нь үргэлжлүүлэхээр байна. 

"Байдены үед Хятадыг АНУ хязгаарлаж чадах уу, үгүй юу гэдэг үнэхээр том асуулт"

Үүнээс гадна нэг сонин үр дүн гарахаар байгаа нь Байдены бодлогоос үүдэлтэйгээр Америк сулрах уу үгүй юу гэдэг асуудал.

Өмнө нь Америк дангаараа Хятадын эсрэг сөрж зогсдог байсан. Яагаад гэвэл Хятад хөгжөөгүй байсан. Одоо бол байдал огт өөр болсон. Хятад бүр АНУ-ын эсрэг “Бид та нараар дутахгүй” гэж ярьдаг болсон. Хэрэв та нар хориг тавих юм бол бид дотоодын зах зээлээ хөгжүүлээд явчихна гэж байгаа. 

Түүнээс гадна худалдааны дайны үеэр Huawei-ээс эхлээд 5G технологитой холбоотой өндөр технологийн хүрээнд маргаан үүссэн. Технологийн экспорт, импортод маш өндөр тариф тогтоосон. Үүнээс сургамж авсан Хятад улс технологийн импортыг орлох бүтээгдэхүүнийг аженда болгоод, гадаадаас хамааралгүй болох бодлого баримталж эхэлсэн. 

Хэрэв Байден хэлэлцээр байгуулаад худалдааны дайн дууслаа гэхэд Америк Хятадын аманд орох уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Яагаад гэвэл өнөөдөр Америк бүх  санаачилгаа алдах магадлал өндөр байгаа. Ямар утгаар гэхээр, Трампын үед КОВИД-19-ийн асуудлыг шийдэхийн тулд 2.2 их наяд ам.долларын төсөв батлах гэхэд нь Сенат нь батлаагүй. Нэг хэсэг нь ханиад, нөгөө хэсэг нь цар тахал гээд зарчмын хувьд  байр суурь нь нэгдэж чадаагүй. Хэрэв одоо Байден үүнийг баталбал социалист бодлогыг харин ч нэг явуулж өгөхөөр байгаа байхгүй юу. Тэгэхээр өрийн тааз нь нэмэгдээд эхэлнэ. Гэтэл АНУ-ын өрийн хэрэгслийн гол худалдан авагч нь Хятад байдаг. Ингээд асуудал үүсэхээр байгаа. Байдены үед Хятадыг АНУ хязгаарлаж чадах уу, үгүй юу гэдэг үнэхээр том асуулт

-Ингэлээ гээд Монгол Улсад муугүй биз дээ? 

-Энэ бол бидэнд муу мэдээ. Яагаад гэвэл тэнцвэр барих ёстой. Хятад Америк хоёр  хоорондоо тэнцвэрээ хангаж чадах нь уу, эсвэл эдийн засгийн зөөлөн бодлогоор Хятад Америкийг атгах уу гэдэг бодлого байгаа. Техник технологийн хувьд, мөн дэлхийн үйлдвэрлэгч, манай гарагийн ДНБ-ий 25%-ийг дангаараа хангаж байгаа гэдэг утгаараа л АНУ тэргүүлж яваа болохоос биш бусад талаараа Хятад эн зэрэгцэх хэмжээнд очиж буй. 

Трамп “Make America great again” гэсэн уриа дэвшүүлсэн нь АНУ даяаршил руу хэт орчихлоо, өөрөөр хэлбэл дэлхийгээс хамааралтай болчихлоо. Энэ бол аюултай тул дотоодын үйлдвэрлэлээ сэргээж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэж үзсэн бол Хятад бүх хөрөнгө оруулалтаа гадагш нь цацаж, болж өгвөл компаниудаа гаргах бодлого барьж буй. Одоо Байден эсрэгээрээ буцаагаад цацвал өнөөх өрийн тааз нь нэмэгдэнэ. Энэ асуудал болоод байгаа. 

-Энэ хоёр гүрний харилцаа хурцадмал байхад муухайгаар хэлэхэд манай улсад сайн тал үүсгээд байх шиг. Тухайлбал, АНУ-тай холбоотон Австрали улсаас авах нүүрсэндээ БНХАУ хориг тавьснаар манай улсын экспорт өсөх боломж бүрдэж байгаа биш үү?

-Энэ бол муухайгаар хэлж байгаа зүйл биш. Энэ бүхэн биднээс шалтгаалахгүй. Чөлөөт зах зээлийн хууль. Австрали улсын нүүрсний гол худалдан авагч нь Хятад. Өөр зах зээл байхгүй учир тэр улс хэчнээн өндөр хөгжилтэй байх нь сонин биш, гуйх талдаа орж байгаа юм. Аль ч улс тэгнэ. Зах зээлийн л хууль. Тэр утгаараа Монгол Улсад маш их ашигтай. 

Байден ялснаар Монголд ашиггүй байна гэж хүмүүс ойлгоод байгаа талаар дээр асууж байсан. Хятад улс Киотогийн протоколд ч, Парисын гэрээнд ч байдаг гэдгээрээ хүлэмжийн хийг бууруулж, хүрээлэн буй орчинд ээлтэй бодлого явуулахаа зарлачихсан. Цөмийн цахилгаан станцуудаа нэмээд байгаа.

Манай улс ган хайлуулах коксжсон нүүрс зарж байгаа учраас авч байгаа. Бид ч тодорхой хэмжээний ашиг олж буй. Үүнд Их гүрний ямар нэгэн нөлөө орно гэсэн ойлголт байхгүй. Чадах ч үгүй. 

Байдены хэлсэн зүйл нь АНУ байгаль орчны асуудлаарх гэрээ хэлэлцээрүүдээс гарч байгаа нь буруу. Үүнд буцааж оруулах бөгөөд Хятад байгаль орчны хамгийн том бохирдуулагч гэдэг утгаар нь шахалт үзүүлнэ гэсэн санааг л илэрхийлсэн хэрэг. Яаж ч бодсон манайх руу гар нь хүрэхгүй. Хятадууд манайхаас нүүрс авна гэвэл бид өгнө. Бид нэг ёсондоо нүүрсээ гуйж өгч байгаа шүү дээ. Энэ бол хатуу үнэн. 

Гэхдээ урт хугацаандаа нөлөөлөх эсэх нь бас л асуултын тэмдэг. Яагаад гэвэл бид байгалийн баялагтаа тулгуурласан эдийн засагтайгаар удаан явахгүй, ганц нүүрс, зэсээр хол явахгүй буюу техник технологи, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэхгүй бол явцгүй болох нь гэдгийг харуулаад байна. 

-Хойд хөршийн хувьд харилцаанд нь ямар өөрчлөлт гарах бол?

-Оросын тухайд газар зүйн байршлаараа бид хүссэн хүсээгүй хөршөө дагана. Шаардлагатай үед Орос биднийг хамгаална. Орос бидний хамгаалахгүй гэж хүмүүс ойлгодог. Тийм биш юм. Тэр нь ах дүүдээ биш. Хятадаас болгоомжилсон Оросын ашиг сонирхол дээр бид сууж байгаа.  

Манай улс хөгжөөгүй байгаа цагт Орос хүчтэй байх хэрэгтэй. Бид хөгжсөн цагт энэ хоёр орны тэнцвэрийн асуудал яригдана. Гэтэл бид хөгжихгүй байна. Ядаж технологийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй байна.

Орос, Америкийн харилцааны асуудал бол биднээс хол юм. 

-Манай улсын гадаад харилцааны бодлого таны бодлоор хэр зөв явж байгаа вэ?

-1990 оноос хойш дэлхийн нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй, манай газар зүйн байршил, хөршүүдийн харилцаа хэвээр тул гадаад бодлого яг хэвээр байгаа. Харин гуравдагч хөршийн бодлогыг эрчимжүүлэх, яваандаа нэлээд эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Гэвч бид гуравдагч хөршийн бодлогын тухайд боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Хамгийн наад зах нь Америк, Европын холбоо Монголоос гарах бүтээгдэхүүний импортын татвараа тэглэчихээд байхад бид бүрэн ашиглаж чадахгүй л байна. Энэ бол туйлын буруу. Тухайлбал, гуравдагч хөршийн бодлогодоо тулгуурлаад Америк, Япон, Солонгосын IT паркийг байгуулж өгөөд, өөрсдөө туршлага судлаад, оюуны хөрөнгө оруулалттай болон нэмүү өртөг шингэсэн компаниудыг байгуулах зэргээр ашиглах боломжтой. Гэтэл бид туйлын хангалтгүй байгаа, гуравдагч хөршийн бодлого дээр.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.