АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп аливаа юмсын хэмжээг чухалчилдгаараа алдартай. Тэрбээр том овор хэмжээтэй, сүртэй зүйлд дуртай.
Гэтэл өчигдөр тэр талархлын баярыг тохиолдуулан Цагаан ордонд мэдэгдэл хийж, сэтгүүлчидтэй уулзахдаа ер бусын жижиг ширээний ард суусан байсан нь олны анхаарлыг татжээ.
Трамп энэ үеэр өрсөлдөгч Жо Байденыг өөрөөс нь илүү олон санал авсан нь батлагдвал Цагаан ордноос явах тухайгаа ярьсан юм. Гэвч энэ чухал мэдэгдлээс илүүтэй түүний суусан ширээ анхаарлын төвд байжээ.
Тэр дороо Твиттер сүлжээнд #DiaperDon хаштаг гол сэдэв болж, Дональд Трампыг талархлын баярын зоогийн үеэр жижиг ширээнд тусад нь суулгасан нялх хүүхэдтэй зүйрлэн элэглэж эхэлсэн байна.
Нэг твиттер хэрэглэгч “Цагаан ордныхон түүний явах хугацааг ойртох тусам ширээг нь жижигрүүлж буй бололтой” хэмээн хошигножээ.
Уг хурлын дараа Трамп хэлсэн гол зүйлийг нь дамжуулаагүй хуурамч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг, “сөрөг зүйл”-ийг санаатай трэнд болгож буй Твиттер компанийг сошиал хуудсандаа шүүмжлэн бичсэн байна.
Эх сурвалж: The Guardian