Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн бүтээлүүд олон улсын уралдаанд тэргүүллээ

ikon.mn
2020 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ оны 11 сарын 20-23-ны хооронд Финлянд улсын Турку хотноо зохион байгуулагдсан нэрт хөгжмийн зохиолч Ян Сибелиусын нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын YIII уралдаанд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “ЦАСТНЫ МЭРГЭД” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт гоцлол хөгжмийн төрөлд ТЭРГҮҮН БАЙР эзэллээ. Тус концертыг 2018 онд манай шилдэг морин хуурчдын нэг Д.Шинэцог-Гени “Морин хуур мину II” бие даасан тоглолтондоо удирдаач Д.Нямдашийн удирдлагаар Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармоний симфони найрал хөгжимтэй хөгжимдөж олон түмэндээ хүргэж байсан билээ. “ЦАСТНЫ МЭРГЭД” морин хуурын концерт нь Улсын сан дахь ХӨГЖМИЙН ШИЛДЭГ бүтээлийн шагналыг хүртэж байсан төдийгүй 2018 онд Монгол Улсын Төрийн Шагналд нэр дэвшиж байсан шилдэг бүтээл юм.

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл энэ уралдаанд хоёр бүтээлээр оролцсоны хоёрдах нь 2019 онд авьяаслаг хуучирч Э.Цэндсүрэнд зориулж туурвисан “ХУУЧРЫН КОНЦЕРТ” бөгөөд Ян Сибелиусын нэрэмжит тус уралдааны гоцлол хөгжмийн төрөлд энэ бүтээлээрээ ДЭД БАЙР-ын шагналыг хүртжээ. Хуучрын концертыг энэ жилийн “АЛТАН НАМАР-2020” хөгжмийн наадамд хуучирч Э.Цэндсүрэн гоцлож, Улсын Филармоний симфони найрал хөгжим удирдаач Б.Батбаатарын удирдлагаар хөгжимдсөн юм.

Ян Сибелиусын нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын YIII уралдаанд АНУ, ОХУ, Япон, БНХАУ, Норвеги, Финлянд, Израиль, Сингапур, Макао зэрэг дэлхийн 20 гаруй орны 100 орчим хөгжмийн зохиолчид оролцсон ба тус уралдааны шүүгчээр Орос, Итали, Финлянд, Болгарын нэртэй хөгжмийн зохиолчид уригдаж ажилласан байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.