Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Тандалтын сорьцоос 20%-д нь вирус илэрвэл хүн амын дунд цар тахал тархсан гэж үздэг. Манай улсад 0.06-0.09%-д нь батлагдсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдвар нийт хүн амын дунд одоогоор цар тахал хэлбэрээр тараагүй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

"Тандалтын сорьцоос 20%-д нь вирус илэрвэл хүн амын дунд цар тахал тархсан гэж үздэг"

Тэрбээр "Манай улсад одоогоор коронавируст халдварын алаг цоог кластер өвчлөл бүртгэгдсэн.

Цар тахлын үеийн шалгуур үзүүлэлтээр хүн амын дунд шинжилж байгаа тандалтын өргөн хүрээний илрүүлэг сорьцоос 20-оос дээш хувьд нь вирус илэрвэл хүн амын дунд буюу нийтэд цар тахал тархсан гэж үздэг. Мөн 10-аас дээш хувьд нь илэрч эхэлбэл том кластер өвчлөл олон кластер болж халдвар тархаж байна гэж үздэг.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод 65 тохиолдол илэрсэн ба бид тандалтаар нийт 127,800 гаруй хүнд шинжилгээ хийжээ. Эдгээр тандалтын сорьцоос 0.06-0.09 хувьд нь коронавирус батлагдаж байна. Энэ нь манай улсад өвчлөл кластер хэлбэрээр л бүртгэгдсэн гэсэн үг. Бид өвчлөлийг боломжийн хэрээр хяналтдаа авч ажиллаж байна.

Гэхдээ амьсгалын замын халдварын үед өнөөдөр шинжилгээнд ороод сөрөг гарсан хүн маргааш ч халдвар авах эрсдэл байдаг” гэсэн юм.

"Батлагдсан тохиолдлуудын хоёр дахь хавьтлын хүмүүсийг гэрт нь хатуу хөл хорионд оруулсан"

Түүнчлэн “Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын 98 хувь нь ойрын хавьтлуудаас, үлдсэн хоёр хувь нь гурав дахь хавьтлаас илэрч байна. Хоёр дахь хавьтлын хүн батлагдаад ирэхээр гурав дахь хавьтал ойрын хавьтал болдог. Халдварын гинжин хэлхээ гэж үүнийг хэлнэ.

Хамгийн гол нь хавьтлуудыг тусгаарлаж байгаад шинжилгээ авч байна. Тухайлбал, хоёрдогч хавьтал гэж үзэж байгаа хүмүүсийг аймаг, Улаанбаатарт ялгаагүй гэрт нь хатуу хөл хорионд оруулсан, ойрын хавьтлын хүмүүсийг харин тусгаарлах байранд байлгаж буй. Энэ бол хүн ардын дунд тархах эрсдэлийг нэлээд хумьсан гэсэн үг” хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1331725800505848

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.