Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Цар тахлын үеийн төлөвлөгөөнийхөө III шатанд орж, батлагдсан тохиолдлуудыг аймаг, орон нутагт нь эмчлэхээр зохион байгуулж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-БНХАУ-ын Ухань хот л гэхэд 7 хоногийн дотор найман сая иргэнээ коронавирус илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулсан туршлага бий. Үүнтэй адил Монгол Улс хөрөнгө гаргаад бүх иргэнээ 14 хоногийн дотор шинжилгээнд хамруулж болохгүй юу?

Д.Нарангэрэл: -Коронавирусийн цар тахал гарснаас хойш дэлхийн улс орнууд цар тахлын үеийг ангилж буй.

Тодруулбал,

  • зөөвөрлөгдсөн тохиолдол,
  • хүн амын дунд алаг цоог хэлбэрээр,
  • кластер хэлбэрээр
  • бүх нийтийн дунд халдвар тархах гэсэн байдлаар авч үзэж байгаа юм.

Тэгвэл манай улсад халдвар хүн амын дунд алаг цоог хэлбэрээр тархаж байгаа учраас голомтот болон эрсдэлт бүлгийнхээ хүнийг олж шинжилгээнд хамруулж байна. Энэ бол дэлхий дахины барьж буй тактик.

Бүх нийтийг шинжилгээнд хамруулна гэдэг нь маш зардал өндөртэй ажил ч хийх боломжтой.

Гэхдээ одоогоор дээрх дөрвөн үе шатны хоёрдугаарт нь явж байгаа. Тиймээс ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу л шинжилгээгээ хийж буй.

-Улаанбаатар хотод бөөгнөрүүлж эмчлээд байгаа шалтгаан юу вэ?

Д.Нарангэрэл: -Бид эхний үед буюу зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг ХӨСҮТ-д төвлөрүүлж эмчилж байсан. Одоо ч ихэнх тохиолдлуудыг нийслэл рүү авчирч эмчилж байна.

Одоо нэгэнт таван аймагт багц хэлбэрээр өвчлөл гарч байгаа тул цаашид тухайн орон нутагт нь эмчлэх төлөвлөгөөг барьж байна.

Тэр ч утгаар Сэлэнгэ аймагт байгаа өвчтөнүүдээ тэнд нь эмчлэхээр тусгай тасгуудыг нээж, арга хэмжээ авч байгаа.

А.Амбасэлмаа:  Эхний ээлжид халдвартай хүмүүсээ ХӨСҮТ-д эмчилж байгаа. Дараа нь Цэргийн төв эмнэлгийг бэлдэж, төлөвлөгөөнийхөө хоёр дахь шатанд оруулсан.

Бид цар тахлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнийхөө дагуу л явж байгаа. Одоогоор төлөвлөгөөний гурав дахь шатанд орж, аймаг орон нутагт хүмүүсээ эмчлэх ажлыг зохион байгуулж байна.

Төлөвлөгөөнийхөө дагуу явагдаж байгаа энэ үйл явцыг орон нутгийн эмч нар эмчилж чадахгүй мэтээр иргэд буруу ойлгож огтхон ч болохгүй.

- "Энхсаран" сувилалд хятад иргэд тусгаарлалтад байсан уу?

А.Амбасэлмаа: -"Энхсаран"-тай холбоотой асуудлыг бид нууж хаах шалтгаан байхгүй. Арваннэгдүгээр сарын 3-наас эхлэн ТИР-ийн жолоочийг тусгаарлалтад авахад тэнд эхний хүн өвчилсөн.

Дотоодод дэглэм алдагдсан, тэнд байрласан иргэд байраа голж, бөөгнөрөл үүсгэсэн гэх мэт янз бүрийн асуудал бий. Иймд нэг багц халдвар "Энхсаран" сувилалд гарсан. Бид голомтод хариу арга хэмжээгээ авч, тохиолдлуудыг эмчилж байна. Түрүүчээсээ хүмүүс нь эдгэрээд гарсан. "Энхсаран"-д арваннэгдүгээр сарын 17-ноос хойш халдвар бүртгэгдээгүй нь тухайн голомтыг хязгаарлаж авсан гэсэн үг.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1331725800505848

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.