Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: Эрүүл мэндийн үйлчилгээг отроор явж байгаа малчдад үзүүлэх шийдвэр гарсан

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Хэрэглэгчид татварын өөрчлөлт нөлөөлөх нь чухал ач холбогдолтой. Өвс тэжээлийн татан авалтууд хийгдэж байгаа ч хүрэлцээ муу байна. Малтайгаа хоригдсон хүмүүс их байна.

Орон нутаг болон Улаанбаатарт хорионд орсон иргэдийг арванхоёрдугаар сарын 1-нээс нутаг буцаахаар болсон. Хориотой бүсэд оторлож байгаа, аймгаас аймаг дамжин нүүж байгаа малчдад ямар арга хэмжээ авах вэ” гэв.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Энэ жил хадлан тэжээл хүрэлцэхгүй байгаа. Бүх төрлийн тэжээл, өвсийг гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх хууль батлагдвал 80 орчим мянган тонн тэжээлийг импортоор авах тооцоололтой байгаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хөдөлгөөн хоригдсон боловч хүнсний тээвэр болон өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгууд руу зүүн бүсээс өвс тэжээлийг татах ажлыг шийдвэрлэж явуулсан.

Отор хийж яваа малчдыг байгаа газраас нь хөөж туухгүй. Эрүүл мэндийн үйлчилгээг отроор явж байгаа малчдад үзүүлэх шийдвэр гарсан. Бүх шатанд энэ арга хэмжээг авч ажиллаж байгаа” гэлээ.  

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өвс тэжээлийн үнэ үнэхээр нэмэгдсэн. Нийлүүлэлт, коронавирус нөлөөлж байгаа. Хүндрэлтэй байгаа аймгуудад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Мал махны борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаармаар байна ” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гаалийн татварыг тэглэж байж гурилын үнийг тогтвортой байлгана. Нийлүүлэлтээ таслахгүй байлгах, болж өгвөл үнээ буулгах нь зүйтэй. Энэ тал дээр илүү анхаарахгүй бол он гараад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж болзошгүй” гэлээ.