Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Халдварыг тархаахгүйн тулд аль ч улсад авч хэрэгжүүлсэн, ямар ч арга хэмжээ 100 хувь үр дүнтэй байх боломжгүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн манай улсад бүртгэгдсэн халдварын ерөнхий төлөв байдал, цаашдын хандлагын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 10-нд дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш арваннэгдүгээр сарын 19, 20 хүртэл халдварын тоо өдөр тутам нэмэгдэж байгаад түүнээс хойш буурч байна. Энэ нь Засгийн газар хурдтай арга хэмжээ авч, дотоодын халдвар бүртгэгдсэний маргаашаас л бүрэн хөл хорио тогтоосны үр дүн байж магадгүй. Дотоодын халдвар бүртгэгдээд дөнгөж 14 хонож байгаа учраас хараахан баталгаатай мэдээлэл хэлэх боломжгүй байна.

Тархвар судлаачдын хувьд тархварын муруйг цаг тутам шинэчилж, голомт тус бүрээр нь хараад хаана хүчээ төвлөрүүлэх ёстой, хаана хүний нөөц дутагдалтай байна гэдгийг тодорхойлоод явж байдаг.

Халдварын нууц үе 5-7 хоног үргэлжилж байгаа бөгөөд бусад орны судалгаанаас харвал халдвар авсан хүмүүсийн 97 хувьд нь халдварын нууц үе 2-14 хоног байна. Тэгэхээр нэг нууц үеийн хугацаа дууссан гэж хэлж болно. Хоёрдогч халдвар авсан өвчтөнүүд тэднээс халдвар авсан хүмүүсийн халдвар илрэх хугацаа хараахан болоогүй байгаа учраас хөл хорио болон бусад арга хэмжээ хэр үр дүнтэй байгааг хэлэхэд эрт байна. 

Анхны халдвар илэрснээс хойш маш шуурхай хөл хорио тогтоож, халдвартай хүмүүсийн хавьтал болсон хүмүүсийг тусгаарлан, эмнэл зүйн шинж тэмдэг илэрхээс нь өмнө оношилсон. 

Халдвар гарахад хариу арга хэмжээ хэрхэн авснаас шалтгаалсан үр дүнг Шинэ Зеланд болон АНУ-тай харьцуулан харвал, Шинэ Зеланд улс халдвар гарсан даруйд хөл хорио тогтоож арга хэмжээ авсны үр дүнд халдвар нэг сар орчим хурдтай тархаад зогссон. Харин АНУ-ын хувьд нэгдсэн бодлогоор хариу арга хэмжээ авч чадаагүйн улмаас халдварын тоо тогтмол өсөж, өдөр бүр шинэ рекорд тогтоох тооны халдвар бүртгэгдсээр байна.

Зураг 1: 

 
Эх сурвалж: ЭМЯ

Халдварыг тархаахгүйн тулд аль ч улсад авч хэрэгжүүлсэн ямар ч арга хэмжээ 100 хувь үр дүнтэй байх боломжгүй. Энэ нөхцөлд Засгийн газрын зүгээс хил хаах, хөл хорио тогтоох, тусгаарлалт хавьтал илрүүлэлтийг зохион байгуулж байгаа бол иргэд амны хаалт зүүх, зай барих, агааржуулалт хийх гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлж чадвал халдварын эрсдэлийг бууруулж, вирус иргэдэд хүрэх замыг хааж чадна” хэмээн ярилаа.

Зураг 2:

 
Эх сурвалж: ЭМЯ

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/411106190234141
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.