УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “УИХ-ын зүгээс ХАА-н салбарт оруулж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Хэрэгжүүлэх тал дээр доголдож байгаа зарим зүйл гарч байна. Хөдөө орон нутгаас тариаланчид маш их ярьж байна.
Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн, 3%-ийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл өгөхөөр ярьсан. Бүх шаардлагаа хангаад материалаа өгсөн ч хөрөнгө оруулалт нь Хөгжлийн банкнаас орж ирээгүй гэдэг шалтгаанаар зээлээ авч чадахгүй байна гэж ярьж байна. Үүн дээр тодорхой хариулт өгөөч.
Ургацын бланс эцэслэж гарсан уу? Тодорхой дөрөв, таван аймагт зуншлага хэцүүдсэн. Өвсний үнэ урьд хожид үзэгдээгүйгээр өндөр болсон. Мал аж ахуй хүндрэх нь тодорхой боллоо. Энэ тал дээр авах арга хэмжээ тодорхой болсон уу?
Хивэг дотооддоо их өндөр үнэтэй болчихсон. Энэ асуудал дээр салбарын яам ямар ажил хийж байна вэ?” гэлээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Тариаланчдад олгох 150 тэрбум төгрөгийн зээлийн хувьд 280 гаруй аж ахуй нэгжид 54 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Хөгжлийн банканд мөнгө саатаж байгаа асуудал байхгүй. Гүйцэтгэлээр зээл гарч байгаа.
Бүх төрлийн мал болон амьтны тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх төслийг энэ хуулиар оруулж ирж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл хангахад импортоор 80 гаруй мянган тонн тэжээл авах тооцоо гаргасан. Эрэлт их өндөр байгаатай холбоотой үйлдвэрлэл дээр үнэ өссөн. Импортыг тэглэсэн хууль гараад ирвэл үнийн өсөлтөд зохицуулалт хийгээд явах боломжтой.
Нийт 428.9 мянган тонн үр тариа авсан. Үүнээс 408.1 тонн улаанбуудай, 240..5 мянган тонн төмс, 113.5 мянган тонн хүнсний ногоо, 21.2 мянган тонн тосны ургамал 169.4 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурилын үйлдвэрт 238.6 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн” гэв.