Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын хилийн хашааг давж харайсан дүрвэгчийг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын хилийн харуулынхан Умард Солонгосоос дүрвэж ирсэн нэг залууг баривчилжээ.

Уг дүрвэгч нь хоёр Солонгосыг зааглаж байдаг өргөст торон хашааг мэдэгдэлгүйгээр давж чадсан нь анхаарал татсан байна. Тэрбээр Өмнөдийн нутагт орж ирснийхээ дараа хяналтын камерт өртөж баригдсан ажээ.

20 гаруй насны дүрвэгч өмнө нь спортын гимнастикийн тамирчин байсан тул хашаан дээгүүр давж харайж чадсанаа хүлээсэн байна.

Тэрбээр үүнийгээ батлахын тулд хашаан дээгүүр хэд хэдэн удаа харайж үзүүлжээ.

Энэ явдлын дараа Өмнөд Солонгосын хилийнхэн хашаанд суурилуулсан хөдөлгөөн, чичиргээ мэдрэгчүүдийн мэдрэх чадварыг сайжруулах арга хэмжээ авахаар болсон байна.

2015 онд суурилуулсан мэдрэгч систем нь хашааны төмөр утсанд ямар нэг нөлөө илэрвэл төв рүү мэдээлэх үүрэгтэй ажээ.

Хил зөрчсөн хэргийн мөрөөр шалгасныхаа дараа Пүрэв гарагт буюу өчигдөр Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний удирдлагууд хилийн хашааны мэдрэгч төхөөрөмжүүдийн илрүүлэх чадварыг сулруулсан байснаас ийм хэрэг гарсныг хүлээн зөвшөөрч, чангатгах арга хэмжээ авахаар болсноо мэдэгдсэн байна.

Жил бүр Умард Солонгосын дэглэмээс зугтсан 1,000 орчим хүн Өмнөд Солонгост дүрвэж ирдэг юм.

 

Эх сурвалж: BBC