Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын газар нутгийн агаар зогсолтгүй халж, хөрс нь хуурайших ирээдүйтэй байгааг олон улсын судалгаа харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын газар нутаг ирээдүйд АНУ-ын баруун өмнөд нутаг шиг халуун, хэт хуурай уур амьсгалтай болж магадгүй байгааг олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүн харуулжээ.

Өчигдөр Science сэтгүүлд хэвлэгдсэн энэхүү судалгааны тайланд сүүлийн 20 орчим жил Монголын тэгш өндөрлөгт үргэлжилж буй ган, агаарын халалтын давтамж нь сүүлийн 250 гаруй жилийн хугацаанд ажиглагдаагүй үзэгдэл болохыг тогтоосон байна.

Эрдэмтэд энэ бүс нутагт ургадаг модны цагиргийг шинжлэх замаар өнгөрсөн хоёр зуунд хөрсний чийг, агаарын халалт ямар хэмжээнд байсныг тогтоожээ.

Ингэхэд энэ бүс нутагт сүүлийн жилүүдэд хуурайшилт, хөрсний усны татралт эрчимтэй явагдсан байна.

Судалгаанд оролцсон Шведийн Готенбургийних сургуулийн судлаач Дэлянь Чэн “Агаарын халалт улам нэмэгдсэнээс хөрсний ус татрах энэ үзэгдэл хаа хүртэл үргэлжлэхийг бид хэлж мэдэхгүй байна” гэж ярьжээ.

2014 оны байдлаар Монголын тэгш өндөрлөгт оршдог нэг километр квадратаас дээш талбайтай нууруудын тоо хэмжээ 26 хувиар буурсныг Хятадын эрдэмтдийн судалгаа харуулж байв.

“Тэгвэл өнөөдөр бид зөвхөн том хэмжээний нуур цөөрмүүд биш, хөрсний ус хүртэл багасаж байгааг ажиглаж болохоор байна” гэж судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын Чоннамын Үндэсний их сургуулийн эрдэмтэн Жэ Хүн Жон ярьж байна.

Монгол болон түүнийг тойрсон Зүүн Азийн бүс нутагт ажиглагдаж буй энэ үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын уур амьсгалын ирээдүйг тодорхойлох тул чухал ач холбогдолтой судалгаа болсныг АНУ, Японы эрдэмтэд онцолжээ.

Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлантай энэ холбоосоор танилцах боломжтой.

 

Эх сурвалж: phys.org