Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Хан-Уул дүүргийн ЭХЭМҮТ-д коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхэд зориулж 1,000 ор дэлгэхэд бэлэн

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв II болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл коронавирусийн халдвартай иргэдийг Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв рүү шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилуулсан амьсгалын болон оношлогооны аппаратуудыг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэсэн. Эхний ээлжид 500 ор бэлэн, шаардлагатай бол 500 орыг нэмэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцав. Эмнэлгийн тоног төхөөрөмж, шинээр суурилуулсан аппарат лабораториудаас гадна мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг бэлтгэн “Ковид-19” цар тахлын үед хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг хүргүүлжээ.

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д ажиллаж, ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан “Амьсгалын Эрхтний Эмгэг судлалын тасаг”-н бэлэн байдлыг шалгалаа. Тус тасаг нь 40 ортой байсныг 80 ортой болгон өргөжүүлж, агааржуулалтын системийг нь бүрэн шинэчлэн зассан юм. Ингэснээр амьсгалын замын өвчин эмгэгийг эмчлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сард Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ тус тасгийг өргөжүүлэх, агааржуулалтын системийг шинэчлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр болж, ийнхүү үйл ажиллагаагаа ирэх сарын 01-ээс явуулахад бэлэн болоод байгаа юм. Мөн ЭХЭМҮТ-д PCR шинжилгээ хийж эхлүүлэх боломж байгаа эсэх, био аюулгүй байдлын өндөр шаардлагыг хангасан лаборатор байгуулахад тулгамдаж буй асуудлыг ЭМЯ-аас шийдвэрлэхээр боллоо. ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр хүүхдийн зөвлөх поликлиникийг өргөтгөх хэрэгцээ шаардлага болон Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах боломжтой талаар саналаа танилцууллаа.
 
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллахыг зөвлөлөө.

 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс