Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Экспортын салбарын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс хэвийн явуулах хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МҮХАҮТ-аас “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцууллаа. 

Судалгааг танилцуулсны дараа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин асуултад хариулав.

-Хувиараа бизнес эрхлэгчид эдийн засгийн нөхцөл байдалд илүү их өртөж байна. Хувиараа бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг шаардлагатай гэж үзэж байна вэ. Зээлийн хүүг хэдэн хувь бууруулж байж, бодит дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр ямар судалгаа хийсэн бэ. НДШ-ийг бүрэн чөлөөлж байж дэмжлэг үзүүлэх үү. Энэ тал дээр судалгаа хийсэн үү?

-Улс орнуудын хувьд хувиараа бизнес эрхлэгчдэд ажлын байраа хадгалахад зээлийн хүүг бууруулах зэрэг дэмжлэг үзүүлж байна. Санхүүгийн хувьд түрээсийн төлбөр хамгийн том хүндрэл байгаа. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг төр өргөн хүрээнд ажиллуулах шаардлагатай.

Цаашид Монголбанк болон төр хамтарч хувиараа бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх нь чухал. Өнгөрсөн нэг сараас аравдугаар сарыг дуустал хугацаанд зээлийн гаралт нэг их наядаар хумигдсан. Байгаа оноогүй. Энэ санхүүжилт нэмэгдэж байх хэрэгтэй. НӨАТ-ыг бүхэлд нь 5% болгож бууруулах талаар бид олон удаа ярьж байгаа. Ингэвэл татварын нуун дарагдуулалт гарахгүй, бааз суурийг тэлнэ. Энэ саналыг бид удаа дараа тавьж байна.

-Хөл хориог 14 хоногоор сунгавал ямар нөхцөл байдал үүсэх вэ. Зах зээлийг хууль, журмаар удирдаж байна. Цаашид асуудал улам хүндэрвэл авч хэрэгжүүлэх хамгийн оновчтой шийдлийг юу гэж үзэж байна вэ. Эдийн засагт валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж эдийн засагчид хэлж байгаа. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрхийлээч?

- Хөл хориог арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал 430 мянган хүн ажилгүй болно. Арванхоёрдугаар сарын 31-н гэхэд орлогогүй аж ахуй нэгжийн тоо 60% болж өснө. Цагаан сар хүртэл үргэлжилбэл 500 мянган хүн ажлын байргүй болно.

Өнөөдрийн хувьд судалгаанд оролцогчдын 25 хувь нь ажилчдаа чөлөөлсөн. Одоогоор 150 мянга орчим иргэн цалингаа авч чадахгүй байна. Валютын урсгал яах аргагүй чухал зүйл. Экспортын бүтээгдэхүүний худалдааг арванхоёрдугаар сарын 1-нээс нээх ёстой. Гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихгүйгээр, экспортыг дэмжихгүйгээр эдийн засаг тэлэхгүй.

Бидний тооцоогоор таван жилийн дотор ДНБ-ийг хоёр дахин өсгөх боломжтой. Хадгаламж, зээлийн хүүг тэглэх асуудлыг ярьж байна. Механикаар ийм зүйлийг хийж болохгүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн бүрт нэг сая төгрөг олгоно гэсэн саналыг гаргаад байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхим үүн дээр ямар суурьтай байна вэ?

-Бүх нийтийн хөл хориог 14 хоногоос дээш үргэлжлүүлбэл энэ арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа.

-Хүнсний салбарын үйлдвэрлэл зарим талаараа зогссон гэж та хэллээ. Үүн дээр тодорхой мэдээлэл өгөөч. Уул уурхайн салбарын хувьд шинэ эрэлт юу байна вэ?

-Уул уурхайн экспортыг өнөө цагт хязгаарлаж болохгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бусад улс оронд эдийн засгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Экспортын салбар, ялангуяа ноолуурын салбарын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс хэвийн явуулах хэрэгтэй. Дэлхий даяар хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж байна. Цаашид хуулиа өөрчилж, аж ахуйн нэгжүүд рүү хандсан зөв заавар зөвлөмжийг гаргах хэрэгтэй.

-Хөл хориог он дуустал сунгавал 430 хүн ажлын байргүй болно гэж та танилцууллаа. Хөл хорио сунгасан ч нөхцөл байдалд өөрчлөлт орох уу. Цөөхөн ажилчинтай аж ахуйн нэгжүүд судалгаанд хэр их хамрагдсан бэ?

-Хөл хорио энэ хэвээрээ сунаад байвал орлогогүй компаниуд татвар төлж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа.

Бидний судалгаанд 3,500 аж ахуйн нэгж хамрагдсан. Эдгээр аж ахуйн нэгжийн 41 хувь нь 100 сая хүртэлх борлуулалттай ажилладаг. Үүнийг цааш нь задлаад салбар бүрд ямар асуудал үүсээд байгааг гаргаж ирнэ. Бүгд маск зүүгээд, зай барьж, ажлын байрын агааржуулалтыг маш сайн шийдвэл үйл ажиллагаа хэвийн явагдаж болно.