Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Таван хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 22 дугаар хуралдаан цахим хэлбэрээр өчигдөр хуралджээ. 

Хурлаас нэр бүхий дөрвөн иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын зэрэгцээ банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх, төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид нэмж олгохоор шийдвэрлэсэн бол таван хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус сунгажээ.

Харин энэ удаагийн хуралдаанаар нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг багасгасантай холбогдуулан үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Мөн Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас хоёр компанийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа болон брокер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, нэг компанийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус түдгэлзүүлэх тухай санал оруулсныг эцэслэн шийдвэрлэсэн юм.

Хуралдааны төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан гамшгаас хамгаалах бэлэн байдал буюу цар тахлын энэ үед Хорооны шуурхай штабын баг буюу нийт 11 албан тушаалтан ажиллаж байгаа бөгөөд ажилтан, албан хаагчид цахим хэлбэрээр ажлаа явуулахын зэрэгцээ иргэд, зохицуулалтын байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг цахим хаяг, утсаар хүлээн авч шуурхай, цаг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллаж байгаа талаарх мэдээллийг Хорооны гишүүдэд өгсөн юм.

Тэрээр УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон 2020 оны 11 дүгээр сарын 18-ны Засгийн газрын 183 тоот тогтоолын дагуу банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны зээлийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн дарамт үүсгэхгүй, төлбөрийн чадварт нь нийцсэн байдлаар зээлийн төлбөрийг сунгах чиглэлээр тодорхой авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулахын зэрэгцээ Хөрөнгийн биржийн арилжаа цахим горимоор хэвийн явагдаж байгааг хэлэв.

 Тухайлбал, хэдийгээр энэ өдрүүдэд хөрөнгийн зах эээлийн арилжааны хэмжээ багассан ч энэ сарын 11-23-ны өдрүүдэд 680 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаасны арилжаа хийгджээ.

Түүнчлэн даатгалын компаниуд цар тахлын үед цахим горимоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дээрх өдрийн байдлаар нийтдээ 1,775 даатгалын тохиолдол бүртгэгдэж, 699 тохиолдлын 274.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна.