Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Заазлагдсан булганууд булшнаасаа ил гарч Данийн иргэдийг айлгах болжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн хувилсан хэлбэр арьс үсний зориулалтаар үржүүлдэг булгануудын дунд тархаж, хүнд халдварлах эрсдэл үүссэн шалтгаанаар Дани улс бүх булгын сүргээ устгах шийдвэр гаргасан билээ.

Тус улсын арьс үсний фермүүд нийт 15 сая толгой булгатай ба булганы арьсны дэлхийн хамгийн том экспортлогч юм. Өнөөдрийн байдлаар 10 сая гаруй булгыг заазалж, устгалд оруулжээ.

Засгийн газар устгалд оруулсан булгануудыг бөөнд нь булах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед Данийн сошиал сүлжээнд үхсэн булганууд булшнаасаа гарч ирснийг харуулсан зураг олноор тарж, “булганууд зомби болон буцаж ирлээ” гэсэн мэдээлэл тарах болжээ.

Данийн байгаль орчны яам үүнийг “үхсэн амьтны биед задрал явагдах үед хий ялгарснаас бий болсон түр зуурын үзэгдэл” гэж тайлбарлаад айж сандрахгүй байхыг иргэдэд зөвлөсөн байна.

Ийм үзэгдлийн үеэр ихэвчлэн хөрс дээш товойх үзэгдэл ажиглагдах магадлалтай ч зарим газрын булсан шороо нягтрал багатай, хөнгөн байгаагаас үхсэн амьтны үлдэгдэл ил гарах явдал гарч байна гэж дүгнэжээ. Ялангуяа Баруун Ютландын хөрсний онцлог үүнд нөлөөлж байгааг мэдэгдсэн юм.

Засгийн газар булшнуудыг хашаалах, 24 цагийн харуул тавих, зарим ил гарсныг дахин булах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Гэсэн хэдий ч эдгээр булшнуудын байгаль орчин, хүмүүст үзүүлэх хор нөлөөний асуудал Данийн иргэдийн санааг зовоосоор байгаа юм.

Устгасан булгануудыг булахдаа зарим тохиолдолд ундны усны нөөцийн ойролцоо газрыг сонгосон нь асуудал үүсгэж байна. Данийн усны мэргэжилтэн Сюзан Мюнстер “Энэ бүхэн ямар үр дагавартайг одоогоор хэн ч хэлж чадахгүй байна” гэж хэвлэлд ярьсан бол улс төрч Лэйф Броггер “Эрх баригчид байгаль орчныг хог хаягдлын цэг болгон хувиргаж байна” хэмээн шүүмжилжээ.

 

Эх сурвалж: The Guardian