Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентины хөлбөмбөгийн домог Диего Марадона 60 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Аргентины хөлбөмбөгийн домог, дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Диего Марадона зүрхний өвчний улмаас 60 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын эхээр тархинаасаа цусны бүлэгнэл авхуулах мэс заслыг амжилттай хийлгээд байв. Марадона 1986 онд Мексикт болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Аргентины шигшээ багийн ахлагчаар оролцон түрүүлсэн нь түүний оргил үе байжээ.

Энэ тэмцээний хагас шигшээ тоглолтод тэр “Бурхны гар” хэмээх алдарт гоолоо Английн шигшээ багийн хаалганд хийж байв.

Марадона Аргентины үндэсний шигшээ багт 91 удаа тоглохдоо 34 гоол хийж, дөрвөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож байжээ.

Тэр бас Испанийн Барселона, Италийн Наполи клубүүдэд тоглохдоо Serie A лигийн хоёр удаагийн аварга болж байсан юм.

Спортын замналынхаа төгсгөл хэсэгт Марадона кокайнд донтож, 1991 онд тэмцээнд оролцох эрхээ 15 сараар хасуулж байжээ. Ингээд тэр 1997 онд 37 настайдаа хөлбөмбөгийн спортоос зодог тайлсан юм.

Дараа нь Марадона 2008-2010 онд Аргентины үндэсний шигшээ багийг дасгалжуулсан ч амжилт гаргаж чадаагүй байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Аргентин, Арабын Нэгдсэн Эмират, Мексик улсын клубүүдийг дасгалжуулж байжээ.

Дэлхийн хөлбөмбөгийн одод Диего Марадонад хүндэтгэл үзүүлсээр байна.

Бразилын домогт тамирчин Пеле “Ямар муу мэдээ вэ? Би сайн найзаа, дэлхий домогт тамирчнаа алдаж байна. Нэг өдөр бид хоёр диваажинд хамтдаа бөмбөг өшиглөнө гэдэгт би итгэлтэй байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчид болох Лионел Месси, Кристиано Рональдо, Неймар, Харри Кэйн зэрэг хүмүүс болон Барселона, Наполи клубүүд сошиал хуудсандаа Марадонад хүндэтгэл үзүүлсэн байна.

Эх сурвалж: BBC