Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвартай хүнтэй хавьтал болсноо нууж, зориуд бусдад халдаавал 1-5 жил хорих ялаар шийтгэх хуультай тул шинжилгээ заавал өгөх ёстой"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд халдвар авсан иргэдийг тусгаарлах, хяналт тавих, нэгдүгээр хавьтал болон дам хавьтлыг олж тогтоох ажлыг асралтгүй зохион байгуулж байна.

Иргэдэд онцгойлон анхааруулахад, халдвар авсан иргэдтэй ойрын хавьтал болсон эсвэл дам хавьталд орсон, үүнийг нь цагдаа, тагнуулын байгууллагаас мэдэгдсэн бол маш сайн дэг сахих шаардлагатай байна. Үүний хүчинд л та бүхний эрүүл мэндийг сахин хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Хэрвээ тухайн хавьтал болсон хүмүүс Эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил, зөвлөмжийг дагахгүй бол энэ өвчин нутагших аюултай. 

Монголын аль ч өнцөгт энэ өвчин гарсан тохиолдолд нэгдүгээрт онцгой анхаарах асуудал бол ойрын болон дам хавьтлын хүмүүсийн дэг барих асуудал болчхоод байгаа юм" хэмээн ярив.

Үргэлжлүүлэн "Халдвар авсан иргэд нэгдүгээр болон дам хавьтлынхаа хүмүүсийг баримжаалдаггүй, явсан газруудаа тодорхой санадаггүй, хэлдэггүй, зарим тохиолдолд нууснаас болж энэ байдал нэлээд сунжрахаар болоод байна.

Цаашид нэгдүгээр болон дам хавьталд орсон иргэд ямар нэгэн хэнэггүй байдлаас болж халдварт өвчин түгээх асуудал үүсгэвэл хууль журамд заасан дагуу ял шийтгэл байгааг анхаарах хэрэгтэй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6.1-т: Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн хуулийн 15.6.2-т: Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Тиймээс иргэд заавал ийм хуулийн санкцид орохгүйхэн шиг байж, хэрвээ нэгдүгээр хавьтал болсон бол заавал шинжилгээнд орох шаардлагатайг анхааруулъя.

Ингэж шинжилгээнд ороогүй байх нь нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийг сүйрүүлнэ.

Хоёрдугаарт, өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндийг сүйрүүлнэ. Дараа нь өөрөө хуулийн хариуцлага хүлээх эрсдэл байгаа учраас бүх иргэд онцгой анхаарч шинжилгээ өгөхийг сануулж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/221932256015572

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.