Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

“QR кодыг А5 хэмжээтэй хэвлэж, машиныхаа урд шилэн дээр байрлуулаад замын цагдаатай контакт үүсгэлгүйгээр зорчих боломжтой”

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УОК, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед 13 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглоод буй. Харин зөвшөөрөгдсөн салбарынханд QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг хотын захиргаанаас олгож эхлээд байна. Уг зөвшөөрлийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс тодрууллаа.

-Автомашины зөвшөөрлийн QR кодыг хэрхэн олгож байна вэ? 

-УОК-оос хатуу хөл хорио тогтоох бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн шийдвэр гаргасны дараа зөвхөн 13 чиглэлийн цөөн тооны байгууллагуудын замын хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор автомашины таних тэмдэг буюу наалт хийгээд тарааж байх үед хуурамчаар үйлдэх зөрчил гарсан учраас энэ арга хэмжээг цуцалсан. 

Түүний дараа шуурхай зохион байгуулалтад орж цахим байдлаар энэ асуудлыг шийдэхээр болсон. 

Энгийн үед Улаанбаатар хотод өдөрт дунджаар 450 мянган автомашин зорчдог судалгаа бий. Хатуу хорионд шилжсэн энэ үед хөдөлгөөнд оролцох автомашины тоог ойролцоогоор 15-20 мянга орчим байх мөн түүнээс нэмэгдүүлэхгүй байх нь зохистой харьцаа гэж үзэж байгаа.  Зөвшөөрөл олгогдсон 13 чиглэлийн үйл ажиллагаанд хамрагдах бүх ажилтан албан хаагчдад зөвшөөрөл олгох боломжгүй, учир нь 80-90 мянга гаруй ажилтан албан хаагчид бүртгэгдэхээр байгаа.

Зөвшөөрөгдсөн 13 чиглэлийн албан байгууллагын замын хөдөлгөөнд оролцох хүсэлтийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын nokshtab@ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авч байна. 

-Автомашины хөдөлгөөнд оролцох хүсэлт, зөвшөөрөл зэргийг бүгдийг цахимаар явуулж байгаа. Энэ үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл гарч байна уу? 

-Хөл хорионы үед үйл ажиллагаа нь доголдохгүй явах ёстой 13 чиглэлийн байгууллагууд хүсэлтээ илгээхдээ хариуцлагагүй хандаж байна. Хүсэлт өгөхдөө ажилтнуудынхаа тооноос давсан зөвшөөрөл хүсэх зэргээр хүндрэл учруулж байгаа. 

Жишээ нь, зөвхөн нэг өдрийн дотор 600 албан байгууллагаас 13 мянган авто машины зөвшөөрөл хүссэн хүсэлт ирсэн. Үүн дотор 200 ажилтантай байгууллага 450 автомашины зөвшөөрөл хүсэх жишээтэй. 

-Ажилтнуудынхаа тоогоо харьцуулахад хэтэрхий олон автомашины зөвшөөрөл хүсэж байгаа байгууллагуудыг яах вэ. Нэг байгууллагад олгох зөвшөөрлийн тоог хязгаарлаж байгаа юу?

-Энэ бол энгийн нөхцөл биш. Бид хатуу хөл хорионд байна. Шилжилт хөдөлгөөнийг 90 хүртэл хувиар бууруулах зарчим барьж ажиллаж байгаа энэ үед байгууллагуудын 24 цагаар зайлшгүй явах шаардлагатай шуурхай дуудлага, жижүүрийн автомашинуудад л зөвшөөрөл олгох чиглэлтэй ажиллаж байгаа.  Халдварыг тархаахгүй байх, хумих ажиллагаа шуурхай явагдаж байгаа, иргэдийг гэртээ байхыг хүсэж байгаа. 12-р сарын 1-нд УОК-ын шийд гаргах гарна, тэр үед зорчил хөдөлгөөнийг хэрхэх талаар шийд гарна. 

Харин хөдөлгөөнд оролцох хүсэлтүүдийг nokshtab@ulaanbaatar.mn цахим хаягаар ирүүлсэн хүсэлтүүдийг нийслэлийн захиргаа долоон чиглэлээр хуваан авч, нягтлаад зөвшөөрөл олгож байна. Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НОБГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Хэвлэл мэдээллийн хэлтэс зэрэг нэгжүүд өөр өөрсдийн чиглэлийн байгууллагуудаас ирсэн хүсэлтийг хуваарилж аваад, нягталж шалгаад, заримыг нь хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдэж байгаа. 

Нэн шаардлагатай байгууллагууд зөвшөөрөл хүсэхээс гадна ахуйн чанартай гэж хэлж болохоор шалтгаан тоочиж, зөвшөөрөл хүсэж байгаа газрууд ч байна. 

-Ирүүлсэн хүсэлт болгонд зөвшөөрөл олгох боломжгүй. Хэвлэлийн салбарт гэхэд сайтад гурав хүртэл, сонинд тав хүртэл автомашины зөвшөөрөл олгож байгаа. Төрийн байгууллагуудад ингэж хязгаарлалт тавьж байгаа юу? 

-Хүн ямар нэгэн зорчилт, хөдөлгөөнийг зорилгогүй хийнэ гэж байдаггүй. Зорилго нь чухал учраас л явж байгаа. Хэрэв шаардлагагүй бол гэртээ байна шүү дээ. Хотын автозамын бүх хөдөлгөөнийг хязгаарлана гэдэг нь олон зуун мянган хүний зорилгыг хязгаарлаж байгаа хэрэг юм. Тэгэхээр иргэд маш их бухимдалтай байх нь аргагүй. Гэхдээ дахин хэлэхэд энэ бол энгийн үе биш. 

Байгууллагын тухайд автомашины зөвшөөрөлд хязгаарлалт тавихаар маш их хэл ам гарч байгаа. Жишээ нь, МҮОНТ маш олон ажилтантай, үүнийгээ дагаад зөвшөөрөл хүсэх автомашины тоо ч бусад телевизийнхнээс харьцангуй олон байсан. Гэтэл бусад нь адилхан телевизэд ялгавартай хандлаа гэдэг. Энэ мэтчилэн хүндрэлтэй асуудлууд байна. Цар тахлын ийм онцгой нөхлийн үед шийдвэрүүд хурдтай өөрчлөгдөх магадлал их гарах юм, энэ нь мэдээж бид ийм нөхцөлтэй тулгарч байгаагүйтэй холбоотой бизээ. Ер нь квотыг шударга тогтоох боломж бий, хамгийн гол өндөр ачаалалтай, цаг хугацаагүй хурдтай шийд гарч байгаа энэ үед хүндрэл бэрхшээл их байна.  

-Автомашины зөвшөөрлийн QR кодыг танил талтай нь олж авч байна гэдэг хардлага байгаа. Төрийн байгууллагынхан албаны болон хувийн машиндаа зөвшөөрөл хүссэнийг ялгах боломжтой юу? 

-Танил талд өгөх ямар ч боломжгүй. Харин байгууллагуудаас ирсэн хүсэлтүүдийн дотор албаны машинаасаа гадна хувийнхаа, тусла хынхаа машинд ч зөвшөөрөл хүсэж байгаа тохиолдлууд их байна. Энэ нь өөрөө хүсэлт гаргаж байгаа байгууллагуудын ёс зүйн асуудал болчихоод байх шиг. Тиймээс бид дараагийн шат болох хяналтдаа анхаарч эхлээд байна. 

Жишээ нь, хүнсний түгээлтийн чиглэлээр зөвшөөрөл авсан автомашин үнэхээр ийм зорилгоор явж байна уу гэдгийг хянах юм. Пост болгон дээр QR код уншиж байгаа учраас үүнийг хянах бүрэн боломжтой, хэрэв хорио цээрийн хугацаа сунгагдвал бид олгогдсон зөвшөөрлүүд дээр хяналт хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Одоогийн байдлаар хэдэн автомашинд QR код олгоод байна вэ?

-Одоогийн байдлаар 12 мянга орчим автомашинд зөвшөөрөл олгоод байна. ЗТЯ-с хөдөө орон нутаг, ачаа тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 2.5 мянган машины зөвшөөрөл олгогдсон байгаа. 

-QR кодоо авсан автомашины жолооч заавал машиныхаа цонхыг онгойлгож, замын цагдаатай харилцалгүйгээр уг зөвшөөрлөө утаснаасаа уншуулаад явах боломжтой гэж ойлгосон?

-QR кодоо хэвлээд машинаа урд тавьчихвал цагдаа нар кодыг шууд уншуулаад явах юм. Ингэхдээ А5 хэмжээтэй хэвлэхийг анхааруулж байна. А4 хэмжээтэй хэвлэхээр кодыг уншуулахад хүндрэлтэй байгаа.