Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар хадгаламжийн хүүг тэглээд тэглүүлсэн хүүний төлбөрийг өөрсдөөсөө төлнө

A.Жаргал
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Би сарын цалингаасаа хуримтлал үүсгэдэг. Сардаа бүтэн хүрэхгүй орлоготой ч би зорьсон мөрөөдөлдөө хүрэх гэж 10 хоног тутамдаа цалингаасаа татуулдаг. Заримдаа надад хэцүү байдаг ч би тэвчдэг. Зорилгодоо хүрсэн байна гэж төсөөлөн хүслээ хорьж, хэрэглээгээ хязгаарладаг. Миний хадгаламж банканд бий. Жилийн 13 хувийн хүүтэй. Би мөнгөө хадгалуулахдаа банктай зохих хууль эрх зүйн хүрээнд гэрээ байгуулсан.

Гэтэл миний хүсэл, миний хууль ёсны дагуу хийгдсэн гэрээг хүчээр зогсоох тухай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр хуралдсан УИХ-ын түр хорооны хурал дээр хэллээ.

Ж.Ганбаатар “Хадгаламжийн хүүг 3 сараар тэглэж болно. Болохгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ?” гэлээ.

Болохгүй гэдгийг хэн хэлээд байгаа юм бэ гэж үү? Жирийн иргэн БИ тэгвэл БОЛОХГҮЙ гэж хэлж байна. Миний мөнгөнд төр савраа дүрэхийг би тэвчихгүй. Банк бид хоёрын хооронд байгуулсан гэрээг төр хүчээр зогсоохыг би тэвчихгүй. Хэрэв УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар та ийм шийдвэр гаргуулбал БИ таниас гурван сарын хүүгээ бодуулж авна. Гэрээг хүчээр зогсоосон гэж тантай би шүүхдэнэ.

Б.Дэлгэрсайхан “Ковид гарчихаад байна. Хадгаламжийн хүүг тэглээд үзье л дээ” Хадгаламжийн хүүг тэглэ гээд тэглэчихдэг юм бол хадгаламж хийж яадаг юм бэ гишүүн ээ!

Би гудсан доороо мөнгөө хадгалаж байя. Төрийн дээрэм хэзээ ч ирж мэдэх юм байна. Хэрэв тэглэнэ гэж үнэхээр шийдэх гэж байгаа бол би хадгаламжаа татлаа. Төгрөгөө би ноён ногооноор сольё. Төгрөг цаас болог. Тэрэг мөнгөөр талх худалдаж авдаг болъё. Намайг хадгаламжаа татлаа гээд бизнесийнхэн эргэлтийн эх үүсвэрийн суваггүй болно л биз. Тэгээд нийтээрээ мөнгөний гачигдал орж сэтэрхий аяга барьцгаая. Хэрэв УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан та хадгаламжийн хүүг тэглээд үзэх санаагаа хэрэгжүүлнэ гэвэл БИ таниас тэглүүлсэн зардлаа нөхүүлж авна.  Гэрээг хүчээр зогсоосон гэж тантай би шүүхдэнэ.